Орон нутгаас барилгын компани анхны бондоо гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-21 14:15:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын хөрөнгийн зах зээлд энэ он гарснаас хойш хувьцаа гаргалт давамгайлсан бол харин компанийн бонд шинээр гаралгүй өдий хүрсэн. Тэгвэл орон нутагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Минж Проперти” компани нэг тэрбум төгрөгийн бонд нээлттэй хүрээнд гаргах болсноо зарлав.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) ээлжит хурлаараа өөрийн хөрөнгөөр баталгаажсан “Парк Таун” бондыг бүртгэж авснаар ийнхүү “Минж Проперти” компанийн бонд хөрөнгийн зах зээл дэх шинэ бүтээгдэхүүний тоог нэгээр нэмж байна.

Үүсгэн байгуулаад 6 жилийн нүүр үзэж байгаа “Минж Проперти” компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох юм. Мөн ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь хоёр тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. “Парк Таун” бондыг арилжааг “Монголын үнэт цаасны бирж” эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкны дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр олон нийтэд санал болгож байна.


Бондын жилийн хүү 17 хувь бол купон төлөх хугацааг 6 сараар тогтжээ. “Парк Таун” бондын үнэт цаасны олон нийтэд зориулсан танилцуулга “Чингис” зочид буудалд болох юм. Нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй “Парк Таун” бондын анхдагч зах зээлийн захиалга ирэх долоо хоногт эхэлнэ гэж “Монголын үнэт цаасны бирж”-ээс мэдээллээ. Барилгын компаниудаас, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа нээлттэй бонд гаргаж буй “Минж Проперти” компани нь Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 52 хувийг дангаараа хангадаг бөгөөд Дархан хотод сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт есөн блок бүхий 620 айлын орон сууцны цогцолбор “Парк Таун” хотхоныг ашиглалтад оруулаад байна.



Тодруулга: Хөрөнгө оруулалтын өгөөж буюу бондын хүү нь эхнээсээ тодорхой байдаг онцлогтой. Тэрчлэн бондоо эзэмшигч нь чөлөөтэй арилжих боломжтой. Мөн бондыг хугацаанаас өмнө худалдахад хугацаат хадгаламжтай адил алдагдал хүлээхгүй. Дотоодын хөрөнгийн зах зээлд нээлтэй хүрээнд өмнө нь 2015 онд “Эрчим бонд”, 2011 онд “Мах бонд”, 2017 онд “Сүү бонд” гарч байсан. Тэгвэл энэ оны анхны компанийн бонд нь “Парк Таун” болж байна.  “Парк Таун” бондын захиалгыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжаа явагдах аж.

Б.Болд

 

Холбоотой мэдээ