Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-11-21 15:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

 Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.

Тэрээр хэлэхдээ, Албан тушаал эрх мэдлээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий компаниудад ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын нэр холбогдоод байгаа учир энэ сарын 14-ний өдөр түүнтэй уулзаж ёсзүйн алдаа гаргасан хүн өндөр албан тушаал хаших ёсгүй гэдгийг мэдэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан. Ерөнхий аудитор төрийн аудитын тухай хуульд заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газар холбогдох хууль хяналтын байгууллагаас тодруулга мэдээлэл авсан.  Хуулийн хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 13-ын 10-т зааснаар Ерөнхий аудитор гэмт хэрэгт шижиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд  албан тушаалаас нь огцруулна гэсэн байдаг. Энэ хүрээнд миний бие УИХ-д тавьсан учир уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсье” гэлээ.

Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлсэн юм. Тэрээр, “ Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Монголын төрд зөв жишиг тогтоож байна гэж бодож байна. Олон сайд нар, эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдаж хойшоо сууж байхад хуулийн дагуу асуудлаа шийдүүлье гэж байгаа нь сайн хэрэг. ЖДҮХС-гаас зээл авсан сайд нар энэ хүнээс жишээ авах хэрэгтэй. УИХ-ын дарга ЖДҮХС-тай холбоотой асуудлаар хариуцлага тооцуулж эхэллээ гэж ойлгож байна. Ёсзүйн хороогоор нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх чиглэл өгсөн байна. Мөн Ерөнхийлөгч эл асуудалд алхам хийгээд эхэлсэн. ЖДҮХС-тай холбогдсон зөвлөх, хэвлэлийн албаны даргаа ажлаас нь чөлөөллөө. Харин Засгийн газар энэ асуудалд хойрго хандаж байна.УИХ, ард түмэн шахаж шаардаад байхад ЖДҮХС-гаас зээл авсан сайд нараа оруулж ирдэггүй. Засгийн газар тэнгэрээс буугаад ирээгүй УИХ-аас томилогддог. Хэрэв энэ сайд нартаа хариуцлага тооцохгүй юм бол УИХ тарах ёстой” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Засгийн газраас ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-д хандаж ярилцсан зүйл байхгүй” гэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг та бүхэнд хэлэх нь зүйтэй байх" гэлээ.

Ингээд Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээх саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад 11 гишүүн оролцож 100 хувь дэмжив. 

Холбоотой мэдээ