"Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци- 2018" үзэсгэлэнд 1500 орчим бүтээгдэхүүн танилцуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-11-21 15:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ.

Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа  нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “ХАА, анагаах ухаан, инженерийн чиглэлийг бодлогын түвшинд гаргаж ирэх шаардлагатай байгаа. Тиймээс төрөөс, УИХ-аас энэ чиглэлээр гарч буй шийдвэр, хуулийн өөрчлөлтийг эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч нийгмийн захиалгаар амьдралд хэрэгжиж, үр дүн авчрах чиглэлд нь онцгойлон анхаарах шаардлагатай.  Манай ШУТС-гаас хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашгийг өнөөдөр энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүд бэлхэнээ харуулна. 2019 онд ШУТС-гаас дэмжих төслийн агуулга судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл чанаржаасай гэж хүсч байна. Энэ ажлууд хоорондоо нягт уялдаа холбоотой явж чадвал Монгол орны зогссон, хөдлөхгүй байгаа олон ажил урагшлах гарц, боломж нээлттэй байгаа юм” гэв.

Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/-гийн захирал, доктор Д.Энхжаргал ярихдаа, “Шинжлэх ухаан технологийн сангаас 2018 онд 11 дүгээр сарын эхний байдлаар 531 төсөл хэрэгжүүлэхээс 450 гаруй төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ жилийн хувьд шинжлэх ухааны салбарын хэмжээнд хэд хэдэн тогтоолын төсөл өргөн барьж батлуулж чадсан нь том амжилт. 2018 он тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого", "Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого"-ыг шинэчлэн батлаад хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болж, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болох юм” гэв.

Үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч,  Улсын Гуравдугаар төв эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп, “Шинжлэх ухаанч хүүхэд" төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч "Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж  байна.


Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэ, барилгын материал, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загваруудыг дэлгэжээ. Тухайлбал, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс ханиад томууны үед ууж хэрэглэх “Монфлю” бэлдмэлийг танилцуулж байлаа.


Энэхүү байгалийн гаралтай, ханиадны эсрэг бэлдмэл нь амьсгалын замын үрэвслийн үед толгой өвдөх, бие жихүүцэх, хамраас нус гоожих, халуурахад эмчилгээний урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх бөгөөд нэг уут мөхлөг нь 1000 төгрөгийн үнэтэй аж.

Мөн “Армоно” корпорацийн биомеханикийн шинжлэх ухаан, монгол хүний антропометрийн хэмжилтийн үндсэн дээр зохион бүтээсэн хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч үзэсгэлэнд ирсэн хүмүүсийн сонирхлыг татаж байв.

Улавчны дээд гадаргуу өлмийн ачааллыг бууруулах, бактери, мөөгөнцрийн эсрэг, үнэр гаргахгүй, агаар нэвтрүүлэх, чийг шингээх, дулаан хадгалах чадвар бүхий ачааллыг жигд хуваарилах давуу талтай хэмээн тус корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан З.Энхжаргал ярилаа.

Үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнүүдээс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц нийгэм, засгийн эрэлт хэрэгцээ, үндэсний чадамж, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээмж өндөр чансааны үзүүлэлтээр 2018 оны "Шилдэг бүтээгдэхүүн"-ийг маргааш хаалтын ажиллагааны үеэр тодруулна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдэг инновацийн бүтээл”-ээр Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн “Илч-2.0 дулааны аккумлятор” шалгарч байв.

Холбоотой мэдээ