Мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-11-21 20:32:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд явагдаж буй Илрүүлэлт Оргодол-2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүний хүрээнд олон удаагийн давтан үйлдэлтэй бүлэг хулгайчдыг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрт энэ оны 09 дүгээр сараас 11 сарын хооронд үйлдэгдсэн малын хулгайн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийт 25 удаагийн давтан үйлдэлтэй, 17 эзэн холбогдогчтой, 45 бод, 121 бог малын хулгайг илрүүлэн, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явж байна. Уг хэргийн улмаас иргэдэд учруулсан 29,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Малын хулгайн гэмт хэрэг удаа дараа давтагдан үйлдэгдээд байгаа хамгийн гол шалтгаан нь малчин болоод мал бүхий иргэдийн малдаа тавих хараа хяналт сул, малаа хариулгагагүй орхидогтой холбоотой. Мөн малаа сураггүй болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөрсдөө хайж явснаар хугацаа алдах тохиолдол нийтлэг байгааг аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Ганчимэг хэллээ.

Малын  хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь 16-45 насны, тодорхой эрхэлсэн ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилгоор бүлэг зохион байгуулалтад орж, малыг бэлчээрт нь нядлан, тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөдөг болохыг тогтоожээ. Хэрэг үйлдэгчид энэ төрлийн хэрэг хийвэл ямар төрлийн ял шийтгэл авах талаар хуулийн мэдлэггүйгээсээ нөгөө талаар цагдаад амархан баригдахгүй гэсэн бодолдоо хөтлөгдөн хулгай хийдэг гэж хэрэгт холбогдогч иргэн О ярилаа.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 294 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүн дотроо хулгайлах төрлийн гэмт хэрэг 46 болж өмнөх оноос буурсан хэдий ч малын хулгайн гэмт хэрэг 53 гарч 2,7 дахин өсчээ. Харин гэмт хэргийн илрүүлэлт 62 хувьтай буюу өмнөх оноос 15,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

 

Холбоотой мэдээ