"Маша ба Баавгай" хүүхэлдэйн киног “Орос ертөнцийн зэвсэг" гэв

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-21 16:23:57
МОСКВА. /RIA Novosti/. Украины хүүхдийн зохиолч Лариса Ницой “Маша ба Баавгай” цуврал хүүхэлдэйн киног “Орос ертөнцийн зэвсэг” гэж нэрлээд тус улсад үзүүлэхийг хориглохыг уриалжээ.

Их Британийн хэвлэлүүд уг хүүхэлдэйн киноны “суртал ухуулгын нөлөөний” талаар хэдийнээ санал бодлоо илэрхийлсэн гэдгийг Украины идэвхтэн сануулсан байна. Түүний үзэж буйгаар, уг хүүхэлдэйн киног хориглох ёстойг Киев түрүүлж мэдэгдэх байв.

“Манай багш нар энэ хүүхэлдэйн киноны талаар эртнээс ярилцаж байгаа бөгөөд Украины хүүхдүүдэд үзүүлэх хэрэггүй гэж үзэцгээж байгаа. Гэвч энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй байна” гэж Лариса Ницой “Тойм” сонинд ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэжээ. “Маша ба Баавгай” хүүхэлдэйгээрээ Орос улс өөрийгөө “зөөлөн”, сайн сайхан бүхнийг хүссэн орон болгон харагдуулж байна гэж зохиолч бүсгүй онцлон хэлсэн байна.

Урьд нь Их Британийн “Times” сэтгүүлд гарсан нийтлэлд “Маша ба Баавгай” хүүхэлдэйн киног “Кремлийн суртал ухуулгын” нэг хэсэг бөгөөд “зөөлөн хүчний” хэрэгсэл гэж бичжээ.
Уг цуврал хүүхэлдэйн киног бүтээгчид дээрх нийтлэлийн хариуд, "улс төрийн нөхцөл байдалтай ижил төстэй зүйл огт хийгээгүй" гэж мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар “Маша ба Баавгай” цувралыг нийтдээ 40 сая гаруй хүн үздэг бол англи хэлээрх сувгийг дагагчдын тоо дөрвөн сая давжээ.
Холбоотой мэдээ