Б.Баярсайхан: Уламжлалт арга барилаар хүүхдүүдэд нөхөн үржихүйн талаар мэдлэг олгох боломжгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-11-21 16:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын чиглэл”-ийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр ярихдаа, "1990 оноос хойш нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, биеэ үнэлэх, эрт бэлгийн харьцаанд орох нь нэмэгдсээр бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссэн. Энэ оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13127 тохиолдол бүртгэгдсэний 33.9 хувийг заг хүйтэн, 38.2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0,1 хувийг хүний дархлал хомсдлын вирусын (ХДХВ) халдварДОХ тус тус эзлэв. Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн. Одоогийн байдлаар 42 хүн нас барсан бөгөөд нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны залуус эзэлж байна. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгаа” гэв.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулга туссан байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.Тэрээр илтгэлдээ, “Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулгыг хүүхдийн насны онцлогт тохируулан анги өгсөх тусам нэмэгдэж байхаар зохицуулсан. Сурагчдад 5 дугаар ангиас нь эхлэн энэ чиглэлийн хичээл ордог. Тухайлбал, 7 дугаар ангид бэлгийн амьдрал гэж юу болох, нөхөн үржихүйн үйл явц, жирэмслэлт, үерхэл, нөхөрлөл, дотно харилцаа хэрхэн бий болдог, хүчирхийлэл түүний хэлбэр, үр дагавар зэргийг заадаг. 9 дүгээр ангиас бэлгийн замаар дамжих халдвар, түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэгтэй болно. 10-12 дугаар ангид харилцааны эрх үүрэг, хариуцлага, жирэмслэлтээс хамгаалах аргууд, бэлгэвч зөв хэрэглэх, эрт жирэмслэлттэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл, хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, гэрлэлтийн сайн сайхан, бэрхшээлтэй зүйлсийг үнэлэх, хүйсийн тэгш байдал, хосын харилцааны илэн далангүй байдал, бусдын хил хязгаар, хүслийг хүндэтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлага зэрэг мэдлэгийг олгохоор Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгасан. Цаашид эцэг эхчүүдийг сургах, мэдээллээр хангах шаардлагатай. Нийгмийн хөгжлөө дагаад уламжлалт арга барил, хандлагаар хүүхдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох боломжгүй болсон” хэмээв.

Хэлэлцүүлэгт оролцогсод цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг чангатгах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцлөөр хангах, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг  онцлов.

Холбоотой мэдээ