8.7 сая толгой мал отроор өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-21 16:44:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж, 8.7 сая толгой мал отроор өвөлжиж  хаваржих зохион байгуулалтыг хийгээд байгаа талаар өнөөдөр ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангаад байна

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байх үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурсан байна. Энэ онд малчдын түвшинд өвс нэг сая 162.1 мянган тонн, сүрэл 16.6 мянган тонн, ногоон тэжээл 113.4 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 42.3 мянган тонн, гар тэжээл 79.8 мянган тонн, дарш 10.8 мянган тн, давс, хужир 107.6 мянган тн, бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг бэлтгэсэн нь өмнөх оноос өвс 227 мянган тонноор, ногоон тэжээл 90.8 мянган тонноор, гар тэжээл 38.6 мянган тонноор тус тус илүү байна” гэв.


Энэ жил өмнөх оныхоос 1.8 дахин их үр тариа хураан авчээ


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэхдээ, “Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаан буудай, 167.9  мянган тонн төмс, 99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авав. Ингэснээр буудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлээд байна.

Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алдсанаар нийтдээ 37.2 мянган га талбай хураагдаагүй.


Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 50.5  мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 276.9 мянган тонн буудай нийлүүлснээр 63.1мянган тонн буудай борлуулалтын шатандаа байна.

Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаан буудайн шаардлагатай бөгөөд энэ жилийн ургацын дүн, борлуулалтаас харахад нийтдээ 340 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэх боломж харагдаж байна. Энэ жилийн хувьд 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй ажлын амжилт болж байна. Байгаль цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ТЭДС-гийн өр авлагад тооцож авах нэг тонн хүнсний  буудайн үнийг 600 мянган төгрөг, худалдан авах үнийг 560 мянган төгрөг болгож, нэмэгдүүлсний зэрэгцээ налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэх, дотоодоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлж хураалтын үеийн хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж ажиллалаа” гэв. 

Холбоотой мэдээ