Тэлмэний арьс ширний үйлдвэр эрэлт ихтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-21 21:03:29

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Тэлмэн сумын арьс шир боловсруулах жижиг үйлдвэр өнөөдрийн байдлаар 9000 орчим нэхий элдэж боловсруулжээ. Учир нь иргэд намар өвлийн улиралд нэхий, хурганы арьсыг их элдүүлдэг байна.

Тус үйлдвэр иргэдээс захиалга авч үйлчилгээ үзүүлэхээс гадна түүхий эдээ худалдан авч боловсруулан худалддаг ажээ. Тухайлбал элдсэн үхрийн ширийг 250 мянган төгрөгөөр, хонины нэхийг 21.000 төгрөгөөр, хурганы арьсыг 15 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байгаа ажээ. Үйлдвэрийнхээ гол түүхий эд болох малын арьс ширийг орон нутгаасаа авдагаас гадна иргэдийн хүсэлтээр үхрийн ширийг 50.000-80.000 төгрөгөөр, хонины нэхийг 20.000 төгрөгөөр, хурганы арьсыг 5.000 төгрөгийн төлбөртэйгээр элдэж өгдөг байна. Энэхүү арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах үйлдвэр нь өдөрт 150 ширхэг хурганы арьс, 30 ширхэг нэхий, хоёр ширхэг үхрийн шир үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар байнгын хоёр, туслах ажилтан нэг ажиллаж дөрвөн хүнийг ажлын байраар хангажээ. Үйлдвэрийг иргэн Д.Шаравсамбуу “Арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах” нэртэй төслийг бичиж сум хөгжүүлэх сангаас 11 сая төгрөгийн зээл авч, байгуулжээ. Үйлдвэр ашигтай ажиллаж, эрэлт байгаа учраас ирэх жил сум хөгжүүлэх санд дахин хандах төлөвлөгөөтэй байгаа аж. Дашрамд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Энэ хөрөнгийг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож иргэдийг байнгын ажлын байртай,сум орон нутагтаа хэрэгцээ шаардлагатай жижиг үйлдвэрлэлийг бий болгож байгаа нь сум хөгжүүлэх сангийн гол ач холбогдол юм хэмээн Тэлмэн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ