Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-21 20:34:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэсэн заалтын үйлчлэлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Мөн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ