АНУ-ын кино шүүмжлэгчдийн зөвлөл энэ жилийн шилдэг киног тодруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2018-11-28 15:26:04
НЬЮ-ЙОРК. /ABC/. АНУ-ын Кино шүүмжлэгчдийн үндэсний зөвлөлөөс энэ жилийн шилдэг киногоор тус улсын найруулагч Питер Фарреллийн бүтээсэн “Ногоон ном” /Green book, 2018/ киног шалгаруулсан бол шилдэг найруулагч цолыг Брэдли Купер “Од төрсөн нь” /A Star is Born, 2018/ киногоороо хүртжээ. Энэ тухай “Deadline Hollywood” цахим хуудаст мэдээлсэн байна.

Шилдэг эрэгтэй жүжигчин цолыг Вигго Мортенсен “Ногоон ном” кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. Харин “Одод төрсөн нь” кинонд тоглосон дуучин Леди Гага шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ.

Шагналыг 2019 оны нэгдүгээр сарын 8-нд болох “NBR Awards”-ын гала-концертын үеэр гардуулах аж.

“Deadline Hollywood” цахим хуудаст мэдээлж буйгаар, АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөл ихэвчлэн “өөрийн үзэмжээр” шилдгүүдийг тодруулдаг бөгөөд уг шагналын эзэд нь заавал Оскар авна гэсэн үг биш юм.


Холбоотой мэдээ