36 төрийн албан хаагч тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-28 22:43:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн 36 иргэн өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 тоот зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ удаад аймаг, сумын ЗДТГ болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтсийн дарга, мэргэжлийн хяналт, газрын харилцаа, нийгэм даатгал, байгаль орчин зэрэг төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албанд ажиллахаар шалгалт өгч тэнцсэн хүмүүс хамрагдсан аж.

Улс тунхагласны баярыг тохиолдуулан зохион байгуулсан тус ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, холбогдох  хууль тогтоомж, дүрэм журам, хэм хэмжээг чанд баримтлан ажиллахыг,  өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг төрийн албан хаагчдад захилаа.


Холбоотой мэдээ