Израилаас 9 мянган жилийн настай чулуун баг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-11-29 10:56:44

ИЕРУСАЛИМ. /Xinhua/. Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах есөн мянган жилийн настай, маш ховорт тооцогддог чулуун багийг Израилын Пней-Хевер мужаас оллоо гэж тус улсын Эртний эдлэлийн газраас лхагва гарагт мэдээлэв.


Ягаан ба шар өнгийн шохойн чулуугаар хийсэн уг багийг маш уран хийцтэйгээр хүний нүүрний хэлбэрт оруулж, дөрвөн нүх гаргасан байжээ. Түүнчлэн хацрын ясыг хүртэл товойлгон бүтээсэн байсан нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татсан байна.


Одоогийн байдлаар, шинэ чулуун зэвсгийн үед хамаарах нийт 15 баг олдсон байдгийн 13 нь хувийн эзэмшилд байдаг ажээ. Уг шалтгааны улмаас энэ төрлийн олдворыг судлах боломж бололцоо бага байдаг юм.


Чулуун багийн талаархи судалгааны анхан шатны үр дүнг өнөөдөр буюу пүрэв гарагт Иерусалим хотын музейд олон нийтэд танилцуулах юм байна. 

Холбоотой мэдээ