The National Interest: Дайн дэгдэх магадлал бага боловч бодит аюул оршсоор байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-11-30 14:44:52

Керчийн хойгт Оросын явуулсан ажиллагаа ба үүний хариуд Киев урьд хожид үзэгдээгүйгээр эсэргүүцэл үзүүлсэн нь Орос, Украины хооронд цэргийн мөргөлдөөн дэгдэх аюулыг улам нэмэгдүүллээ. Бодит байдал дээр дайн дэгдэх магадлал төдийлөн их биш боловч ийм аюул бодитойгоор оршиж байна. Харин өөрсдөд нь хуримтлагдсан асуудлуудад түүртсэн барууныхан үйл явдалд хөндлөнгөөс оролцохыг яарахгүй байгаа тухай Америкийн The National Interest сэтгүүлд Германы улс төр судлаач Йонас Дридгер бичсэнийг орчуулан хүргэе. 


...Керчийн хойгт явуулсан Оросын түрэмгий ажиллагаа ба үүний хариуд Украины эрх баригчдын зүгээс урьд хожид үзэгдээгүйгээр эсэргүүцэл үзүүлж байгаа нь хоёр улсын хооронд цэргийн сөргөлдөөн даамжрах аюул  нэмэгдэж буйг харууллаа.


Керчийн хойг бол маш чухал стратегийн ач холбогдолтой газар нутаг билээ. Тус хойгийн хойд хэсэг нь Оросын нутагт харьяалагддаг ба баруун талд нь Орост нэгтгэсэн Крым оршдог. Керчийн хойг бол Азовын тэнгис ба Хар тэнгисийг холбож буй цорын ганц усан зам юм. Хойгийн дундуур чөлөөтэй нэвтрэх явдал нь Азовын тэнгис дэх Оросын Дон дахь Ростов ба Украины Мариуполь хотуудын хувьд маш чухал. Мариуполь хотыг эзлэн авахаар Оросын тал баримтлагч салан тусгаарлагчид нэг бус удаа оролдож байсан билээ.


2014 оноос өмнө Орос, Украин хоёр уг хойгийн төлөө удаа дараа тэмцэлдэж байсанд гайхах хэрэггүй юм.


ЗХУ задран унасны дараа Керчийн хоолой нь хууль эрх зүйн болон улс төрийн маргааны эх үүсвэр болсон байна. 1999 онд Украин улс хилийнхээ шугамыг тус хоолойгоор тогтоосон ба Азовын тэнгисийн зарим хэсгийг өөрийн  усан орон зай болгох гэж хэд хэдэн удаа оролдож байжээ. Үүний хариуд Оросын тал 2003 онд Тузла арал дээр далан барьж эхэлсэн байна. Энэ бол украинчууд өөрийн нутаг хэмээн зарласан хуурай газрын багахан хэсэг юм. Ийм будлиан гарсан нь Москвагийн зүгээс түрэмгий хандлага гаргаж байсны нотолгоо хэмээн Украины эрх баригчид болон шинжээчид өнөөг хүртэл үзсээр байгаа аж. 


Керчийн хоолойг хянах гэж Оросын тал байнга оролдсоор ирсэн нь Крымын талаарх хэтийн төлөвлөгөөтэй нь холбоотой юм. Харин Москвагийн энэ санаа зорилгыг Украин эсэргүүцсээр ирсэн нь золтой л зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэнгүй. Тухайлбал, 2005 оны 5 дугаар сарын 23-нд Оросын тэнгисийн явган цэргийн десантын анги Крымын Феодосия-гаас холгүй газарт буух гэж оролдсон боловч Украины хилчид тэдэнд саад хийсэн байна. 1994 онд Хар тэнгисийн флотын нэгэн хөлөг онгоцыг Оросын тал булаан авсан нь хоёр улсын хооронд ноцтой сөргөлдөөн үүсгэх тун дөхсөн юм. Уг хөлөг онгоцонд маш үнэтэй тоног төхөөрөмж байсан гэдэг.

2014 онд Крымыг өөртөө нэгтгэснийхээ дараа Орос улс нутаг дэвсгэрээ тус хойгтой холбохын тулд Керчийн хоолойгоор гүүр барьж эхэлсэн юм. Учир нь, тус улс Азовын тэнгисийн эргийг украинчуудаас авч чадаагүй байна. Гүүр барихад саад хийх, хөлөг онгоцуудаа Керчийн хоолойгоор саадгүй нэвтрүүлэхийн тулд Украин улс 1982 онд батлагдсан Олон улсын далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцид үндэслэн Оросын эсрэг зарга мэдүүлж байв.


Хоёр улсын хооронд үр дагаврыг нь тооцохын аргагүй цэргийн сөргөлдөөн даамжрах аюул бодитойгоор оршиж байгаа бөгөөд ийм аюул улам нэмэгдсээр. Харин Орос улс энэ бүхнийг анзаараагүй мэт өнгөрөөсөөр. Учир нь тус улсын хувьд Сирид явуулж буй ажиллагаа, цөмийн зэвсгээ шинэчлэхэд нь АНУ-д саад хийх, Оросын хийг Европын Холбоо болон Германд хүргэх арга хэрэгслүүдийг боловсронгуй болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байгаа юм.

Үүний сацуу Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Украины засгийн газрыг эрс шүүмжилсээр байгаагийн зэрэгцээ Керчийн хоолойн гүүрийг барьж дуусгасныг, Крымын эдийн засгийн гайхамшгийг магтан дуулсаар байна.


Ялалтыг ингэж магтан дуулж байгаа нь Украинд өс хонзонгийн галыг улам дүрэлзүүллээ. Украинчуудын зарга гомдлын жагсаалт маш урт бөгөөд тэдний гомдлыг ойлгож болохоор. Крымыг эзэлсэн явдалтай барууныхан чимээгүйхэн эвлэрчээ. Үүний сацуу, Минскийн хэлэлцээрт тусгагдсан энхийн зохицуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар ч ахиц дэвшил гарахгүй байгаа нь Оросын санаанд нийцэж байгаа бол харин Украины хувьд байнга л уур бухимдлыг нь төрүүлсэн хэвээр. Минскийн хэлэлцээрийн үйл явцыг тус улс бүр анхнаас нь хууль бус гэж үзсээр иржээ.


Энэ үед Оросын Ерөнхийлөгч В.Путин бөмбөгдөгч онгоцууд, “Искандер” пуужингийн цогцолборуудыг Крымд байрлуулахыг зөвшөөрлөө. 2014 оноос хойш Оросын дэглэмийг дэмжих байдал нь улс орны эдийн засгийн хөгжлийн түвшнээс бус харин олон улсын тавцанд Орос улс өөрийн хүч чадлыг байнга үзүүлэхээс илүүтэй хамаардаг боллоо. Хэдийгээр үүний үр нөлөө нь аажмаар саарч байгаа боловч Крымыг нэгтгэсэн явдал нь Путиний нэр хүндийг ихээхэн өргөсөн юм. Ийм учраас Украинтай харилцах харилцаанд хямрал үүссэн тохиолдолд Орос улс буулт хийх нь юу л бол.


Үүний сацуу Украин улс армиа нэлээд бэхжүүлжээ. АНУ-аас тус улсад нийлүүлсэн “Жавелин” танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор бол өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлтүүдийн багахан хэсэг юм. 2014 оных шиг сулхан хариу үйлдлийг энэ удаад бид Украинаас дахиад олж харахгүй болов уу. Киевийн зарим албан тушаалтнуудын үзэж байгаагаар, Украины арми тухайн газар оронд нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай аж. 


Гэсэн хэдий ч Украины дотоод улс төрийн байдал
нь дээрх дүр зургийг бараантуулан өөрчилж байна. 2019 оны 3 дугаар сард тус улсад Ерөнхийлөгч сонгууль болно. Саяхан явуулсан санал асуулгаар, одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко өөрийн гол өрсөлдөгч болох Юлия Тимошенко-гоос хоцорч явна. Донбасс, Крым, Оростой холбоотой асуудлууд бол Тимошенкогийн хувьд Порошенког шүүмжлэх гол сэдвүүд нь болжээ.

Тимошенкогийн баримталж буй стратеги, Минскийн хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байгаа, Украины эдийн засаг хүнд байдалд орсон, авлига газар авснаас гадна Порошенко эргэлзээтэй бизнест холбогдсон зэрэг нь одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдох магадлалыг багасгаж байгаа юм. Түүний хувьд, өөрийгөө цэргийн тууштай удирдагч гэж харуулах нь оновчтой стратеги байх болов уу. Тэрбээр дайны байдал тогтоох тухай шийдвэр гаргасан нь уг стратегид хамаарна.


Энэ үед барууныхан өөрт хуримтлагдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, Орос-Украины хооронд цэргийн сөргөлдөөн дэгдэх эрсдэлийг багасгах ямар ч сонирхолгүй байна. Трампын засаг захиргаанд тулгарч буй асуудлууд, Европт явагдаж буй Брекситийн үйл явц зэргийг ажиглавал ийм хандлага цаашид ч үргэлжлэх болов уу. Украины Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёрхон хоногийн өмнө Их Британи улс албан ёсоор Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа нь цэвэр тохиолдлын хэрэг юм. 

Хэдийгээр Украины төлөөх дайн дэгдэх магадлал тийм ч өндөр биш байгаа боловч ийм аюул бодитойгоор оршиж байна.


Нийтлэлийг бичсэн Йонас Дридгер /Jonas Driedger/ бол Флоренци дахь Европын хүрээлэнд ажилладаг Германы улс төр судлаач бөгөөд одоо Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар уригдан ажиллаж, Alfa Fellowship хөтөлбөрт оролцож байна. Тэрбээр Герман, Европын Холбоо, ОХУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг дагнан судалдаг юм. .


Орчуулсан Б.Адъяахүү  

Эх сурвалж: https://nationalinterest.org/feature/coming-war-over-ukraine-37177

https://inosmi.ru/politic/20181128/244108817.html

 

 

Холбоотой мэдээ