Уурхайнуудад гүний ус ашиглахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-03 11:52:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт шинээр үйл ажиллагаа эхлүүлэх уурхайнуудад гүний усыг тодорхой хэмжээнээс илүү ашиглахыг хориглолоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглахыг хязгаарлах тухай” 2018 оны 89 дүгээр тогтоолыг ИТХ-ын долоодугаар хуралдаанаар хэлэлцлээ.

Говь нутагт ундны болон хэрэглээний усаа газрын гүн дэх уснаас хэрэглэдэг билээ. Тиймээс ус гэдэг говьчуудын хувьд хамгийн үнэт зүйл нь байдаг. Усны нөөцийг хэмнэх, байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулж буй уул уурхайнуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 100 шоо метрээс дээш ус ашиглахыг хориглолоо. Хуралдаанаас гарсан уг шийдвэр  2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хэрэгжих юм.

Одоогоор тус аймгийн нутаг дэвсгэрт 12 уурхай үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ