Аляска муж улсад хүчтэй газар хөдлөлт болжээ

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2018-12-01 11:34:06

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын хойд нутгийн Аляска муж улсад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хүмүүс байгаа газраасаа гарахад хүрч, эргийн бүс нутгуудад түр хугацаанд цунамийн түгшүүр зарласан байна.


Газар хөдлөлтийн төв нь муж улсын хамгийн том хот болох Анкориж хотын хойд хэсэгт 11 орчим километрийн гүнд байсан тухай АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн байна.


Аляска муж улсын Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлт болсны дараа 40 удаа чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 5.7 магнитудтай тэнцэж байсан аж.


Анкориж хот нь 300 мянга орчим оршин суугчтай бол хотын эргэн тойрон дахь бүс нутагт 100 орчим мянган хүн амьдардаг юм. Түүнчлэн муж улсын захирагч Бил Уокер онцгой байдал зарлахад хүрчээ.


Одоогийн байдлаар, хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн талаархи мэдээлэл байхгүй байна.


Анкориж хотод 1964 онд хамгийн хүчтэй хэмээн тооцогддог 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан нь дэлхийн түүхэнд болж байсан хүчтэй газар хөдлөлтүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг ажээ.


Аляска муж улс нь газар хөдлөлт түгээмэл болдог “Номхон далайн галт цагираг”-т оршдог боловч дийлэнх газар хөдлөлт газрын гадаргын нэлээн гүнд юм уу далайгаас хол болдог тул их хэмжээний гарз хохирол учруулдаггүй байна. 

Холбоотой мэдээ