Баян-Өлгийн цасанд боогдсон зарим зам, давааг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-01 17:10:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар өнгөрсөн шөнө салхины хурд 20-28 м/с-д хүрч цасан шуурга шуурснаас зарим зам, даваа цасанд боогджээ.

Тухайлбал, аймгийн төвөөс Цагааннуурын боомт орох зам дагуу орших Зээгтийн даваа хаагдсан аж. Авто тээврийн үндэсний төвийн тус аймаг дах салбараас өгсөн мэдээллээр орон нутгаас шуурхай арга хэмжээ авч дээрх замыг 13:00 цагийн орчимд нээсэн бөгөөд Өлгий-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч тээврийн автобус, хувь хүмүүст зорчих зөвшөөрөл олгосон байна.

Харин Булган сум орох Улаагчины давааны цасыг өнөөдөр цэвэрлэж байгаа гэнэ.    

Өчигдөр буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн төвөөс Улаанбаатар хотыг чиглэн хөдөлсөн зорчигч тээврийн автобус замдаа бага зэрэг саатаж өнөөдөр Говь-Алтай аймагт хүрсэн бөгөөд зорчигчдод ямар нэгэн хохирол учраагүй аж.

Тийм учраас хот хоорондын зорчигч тээврийн автобусны явах хуваарийг маргааш хүртэл хойшлуулсан байна.  

 

Холбоотой мэдээ