Архангай аймгийг "Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв" болгон хөгжүүлэх төлөвлөгөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-02 20:54:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар Архангай аймгийг "Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв" болгон хөгжүүлэх /2019-2030/ дунд хугацааны баримт бичгийг баталжээ. Энэхүү баримт бичигт “Нүүдэл бол соёлын гол цөм юм” гэдгийг онцолжээ.

Одоогийн бидний амьдарч байгаа Архангай аймгийн нутаг нь Монгол Улсдаа төдийгүй Дэлхийн /Төв Азийн/ эртний нүүдэлчид /Хүннү, Түрэг, Уйгарын хаант улсын нийслэл /-ийн өлгий нутаг учраас өвөг дээдсийн үлдээсэн хүн төрөлхтөний асар их үнэ цэнэтэй түүх, соёлын биет болон биет бус өвөөр дамжуулан, нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг гаргаж ирсэн байна.


Энэ баримт бичгийн хүрээнд аймгийн 19 сумыг цогцоор нь хөгжүүлэхээр тусгаж, Дэлхийн /Төв Азийн/ нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Сарлагийн музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв, Шилэн гүүр, Увдист орон цогцолбор, Төв Монголын байгаль, түүх соёлын музей, Солийн Данзангийн музей, Олон улсын нисэх онгоцны буудал, Олон улсын хүүхдийн зуслан Өгийнуур, Хорго-Тэрхийн цагаан нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалж, хамгаалах, аялал жуулчлалын үндэсний парк байгуулах гэсэн 9 тулгуур төвийг байгуулах ажээ.


Мөн голлох бүс дэх зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийг сайжруулах, шинээр байгуулах, “Нүүдэлчдийн соёлын өдөр”-үүдийг жил бүр зохион байгуулах, аялал жуулчлалын компаниудыг төрөөс бодлогоор дэмжих, нүүдлийн соёл, аялал жуулчлалын 219 мэргэжилтэн бэлтгэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.


Санхүүгийн эх үүсвэрийг улс, аймаг, орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламж, олон улсын сан, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан боловсруулсан уг баримт бичгийг ажил хэрэг болгосноор Монгол Улс, Архангай аймаг нь цэцэглэн хөгжиж, ард иргэдийн амьдрал дээшлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж баримт бичгийг санаачлан боловсруулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Отгонжаргал хэлж байв. 

Холбоотой мэдээ