Мал аж ахуйд механикжуулалт, цахилгаанжуулалтыг сэргээх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-02 15:01:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас манай улсын мал аж ахуйн салбарыг 2030 он гэхэд бэлчээрийн МАА-н өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн бүхий тогтвортой үйлдвэрлэлийг явуулдаг болно гэж үзэж байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэлийг одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг өнгөрсөн баасан гарагт ХХААХЯ-нд болсон “МАА-н үйлдвэрлэлийн механикжуулалт ба цахилгаанжуулалт-малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний-онол практикийн бага хурлаар хөндсөн юм. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ, “Дээрх бодлого, зорилтдоо хүрэхэд салбарын эрдэмтэн, судлаачид та бүхний санал, санаачилга, судалгаа, шинжилгээний ажил чухал түлхэц болно" гэдгийг онцолж байв. Тэрээр, 

“Мал аж ахуйн салбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж, нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдарч байна. Иймд мал аж ахуйн салбараа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр шимийг дээшлүүлэх нь чухал юм” гэв. 



Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн процессоос мал услах, ноос хяргах зэрэг 70 гаруй ажиллагааг механикжуулах боломжтой гэж судлаачид үздэг байна. Гэсэн хэдий ч нүүдлийн, тархай бутархай байдал, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ харьцангуй бага, үйлдвэрлэл нь улирлын чанартай явагддаг, нэг дор малыг олноор нь байрлуулах нь бэлчээр, орчинд сөрөг нөлөө үүсгэдэг, техник тоног төхөөрөмж худалдаж авах, байршуулахад хөрөнгө ихээхэн шаарддаг зэргээс шалтгаалж мал аж ахуйн салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байгааг хуралд оролцогсод хэлж байв. Гэхдээ энэ бол шинэ тутам асуудал биш.


1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр манай улсын МАА-н салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтын хөдөлгөөн өрнөж байсан бөгөөд тэр үед малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд гараар хийдэг олон ажлыг техникээр амжилттай шийдэж байжээ. Тиймээс энэ асуудал цаг хугацааны шаардлагаар дахин сөгдөж байгаа учраас эрдэмтэн ийнхүү төр, засгийнханд үгээ дайж байна.



Салбартаа механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хамгийн чухал байдаг бөгөөд үүнийг шийдэх шийдлийг олж, малчдын өдөр тутмын ажлыг хөнгөвлөх хэд хэдэн төхөөрөмжийн загварыг ХААИС-ийн багш, эрдэмтэн судлаачид гаргаад байна. Энэ тал дээр Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгийн зүгээс ч хөтөлбөр төсөл боловсруулсан ч санхүүжилт байхгүй байгааг бага хуралд оролцогчид учирлаж байв. Дээрх эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар хэлэлцсэн асуудал, эрдэмтдийн дэвшүүлж буй саналуудын талаар яамны зүгээс зөвлөмж гаргахаа мэдэгдлээ.

                                               

 

Холбоотой мэдээ