“Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сонин АНУ-ын Вашингтон дахь Конгрессын номын санд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2018-12-03 12:29:09
@ShoovdorBatbold

 Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сониныг АНУ-ын Вашингтон дахь Конгрессын номын сангийн уншигчид уншиж байна.Хамгийн сүүлд Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нь АНУ-д ажиллахдаа АНУ-ын нийслэл Вашингтон дахь Конгрессын номын санд МОНЦАМЭ агентлагийн “Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сонины сүүлийн үед гарсан шинэ дугааруудыг тус номын сангийн Монгол, Түвдийн номын сан хөмрөг хариуцсан ажилтан хатагтай С.Майнхайт-д гардуулж өгөөд ирэв. Тэрбээр мөн “Монголын залуучууд” цуврал 15 боть номын V боть, “Завхан аймаг” гэрэл зургийн цомог зэргийг тус номын санд хандивлажээ.

О.Батсайхан нь 2006 оноос эхлэн өнөөг хүртэл 13 жилийн хугацаанд АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимд зориулж хувиараа Монголын сонин сэтгүүлийг илгээж, заримдаа биечлэн очиж ном, сонин, сэтгүүл гардуулан өгч улс орноо таниулан сурталчлах ажлыг сайн дураараа хийж буй бөгөөд 2017 онд “Сутайн Бор” ном, зургийн цомгийн 3 ботийг өөрийн биеэр очиж АНУ-ын Конгрессын номын санд хандивлаж байжээ.

АНУ-ын Конгрессын номын сан 1800 онд байгууллагдсан бөгөөд нийт хадгаламжийн нэгж нь 164 сая бөгөөд, үүнээс ном болон хэвлэмэл материал 38 сая, аудио болон видео бичлэг 3,6 сая, гэрэл зураг 14 сая, газрын зураг 5,5 сая, хөгжмийн бичлэг 8,1 сая, гар бичмэл 70 сая нэгж тус тус хадгалагдаж байна. Энд дэлхийн улс орны 450 хэлээр ном зохиол хадгалагддаг. Монголын холбогдолтой 10300 ном, хэвлэмэл материал энд байдгаас 17-р зууны үеийн шашны 650 орчим ном судар байна гэж хатагтай С.Майнхайт хэлэв. Хатагтай С.Майнхайт Монгол, Түвдийн номын сан хөмрөг хариуцсан ажилтнаар 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс, АНУ-ын хооронд соёлын харилцааг хөгжүүлэх, Монгол номын сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж 2017 оны 3 дугаар сард “Найрамдал” медалиар шагнасан байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ