Аймгуудад мал эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий УАЗ машин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-03 14:02:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХХААХҮЯ-наас өнөөдөр Хэнтий, Ховд, Өмнөговь, Орхон, Увс, Говь-Сүмбэр, Сэлэнгэ, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөөд аж ахуйн газарт мал эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий УАЗ машин хүлээлгэн өглөө.ОХУ-д 2018 онд үйлдвэрлэсэн УАЗ-390945 маркийн фермерийн зориулалтын уг машин нь мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ДУК-2 загварын тусгай, орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулжээ. Ийм зориулалтын машинуудыг аймгуудын ХХАА-н газраар дамжуулан мал эмнэлгүүдэд хуваарилснаар малын халдварт болон гоц халдварт өвчний гарал тархалтыг газар дээр нь зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэнэ гэж машинуудыг гардуулан өгөх үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлж байв.


УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын яамнаас хуучин Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчилж, “Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ”-г жилийн ажлыг улс орон даяар хэрэгжүүлж эхлээд байгааг тэрээр онцолж, дээрх ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг аваад байгааг хэлж байв. Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж шинэ түвшинд аваачихад техник, тоног төхөөрөмжөөс гадна одоо малын эмч нарыг бэлтгэн сургаж, чадавхижуулан орон нутгийг малын эмч нараар хангахад анхаарч байна гэв.


Энэ онд мал угаалгын ажлыг орон даяар явуулж, 19 сая малыг хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 96 гаруй хувьтай гарчээ. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс ХХААХҮЯ-наас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилаад байгаа аж.




Одоогийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10.2 сая мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 13.8 сая, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8.5 сая малыг хамруулж, нийт 32.5 сая малыг дархлаажуулаад байна. Энэ бүхэн нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил юм гэдгийг дэд сайд Ж.Сауле онцолж байв

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ