Афганистанд энх тайвныг цогцлоох явцыг түргэсгэхэд туслахыг Пакистанд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-04 09:46:02

ИСЛАМАБАД. /Anadolu/. Афганистанд энх тайвныг цогцлоох үйл явцыг түргэсгэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн захидлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны Ерөнхий сайд Имран Ханд илгээсэн тухай Пакистаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.


“17 жилийн турш үргэлжилсэн Афганистаны зөрчлийг дуусгавар болгох энхийн яриа хэлэлцээ хийхэд туслахыг хүссэн Д.Трампын захидлыг өнөөдөр хүлээн авлаа. Уг захидалд Афганистаны “Талибан” бүлэглэлийн толгойлогчтой хэлэлцээ хийхэд туслахыг хүссэн байсан” гэж И.Хан сэтгүүлчдэд мэдээлжээ.


Д.Трамп өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн цагаас хойш дайны хөлд нэрвэгдсэн Афганистан дахь ашиг сонирхлын зөрчлийн улмаас АНУ-Пакистаны харилцаа муудах болсон юм.


Сүүлийн жилүүдэд Афганистан дахь гадаадын цэргийн хүчний албан хаагчдыг онилсон олон тооны халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа “Хакканигийн сүлжээ” бүлэглэлд Пакистан дэмжлэг үзүүлдэг гэж тус улсыг АНУ буруушаадаг. Харин Пакистаны тал үүнийг үгүйсгэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байсан юм.

Холбоотой мэдээ