Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-04 10:39:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ аймгийн ХХААГ-тай хамтран нутгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах аяныг зохион байгуулахаар боллоо.

ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй “Нэг суурин-Нэг бахархал” аяны хүрээнд орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.

Аяны нээлтийг 12 дугаар сарын 05-нд Сайншанд сумын “Соёмбо” цогцолборт зохион байгуулах бөгөөд орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, үйл ажиллагааны сурталчилгаа, брэндийг бий болгох сэдэвтэй сургалт явуулна.

Дашрамд сонирхуулахад Сайншанд сумын өндөр настан Д.Должин гуайн үйлдвэрлэдэг “Загсгал цай”  хүний эрүүл мэндэд нэн тустай гэдгээрээ Дорноговийн брэнд болоод чамгүй хугацаа өнгөрчээ.

Говьд ургадаг  загсгал  ургамал нь  бутлаг эмийн ургамал бөгөөд хүний  тамир тэнхээ сайжруулах, хүний биеийн хорыг гадагшлуулах  үйлчилгээтэй гэгддэг аж. Мөн “Хутагтын говийн тэмээчин” хоршооны ингэний хоормог, буцалгаа олны талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болжээ. 

Холбоотой мэдээ