МУИС болон МСНЭ хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-04 14:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар гарын үсэг зурав.

Санамж бичигт талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, удирдлага, ажилтнуудыг чадавхижуулах сургалтад хамруулах, мэдээлэл солилцоход харилцан үр ашигтай хамтран ажиллах талаар тусгажээ.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ, “МУИС бол Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага. МСНЭ бол нийгэмд үйлчилдэг улс төрөөс ангид байгууллага. МУИС болон МСНЭ олон түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Санамж бичиг байгуулснаар Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хоёр байгууллага хамтарч ажиллах юм. МУИС-ийн хувьд 22 мянган оюутантай. Өнөөдөр манай төгсөгчид Монголын телевиз, өдөр тутмын сонин, вэбсайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна. Тиймээс төгсч буй оюутнуудыг зөвхөн онолын төдийгүй ажлын байранд очоод дахин сурах биш, бэлэн боловсон хүчин бэлтгэх, төгсгөх, тэд ажлын байрандаа давхар ур чадвараа дээшлүүлэх бололцоог нь хангана. Мөн сэтгүүлчдийн ёсзүй, нийгмийн хангамж, мэдлэг боловролыг дээшлүүлэхэд хамтран ажиллана” гэв.

Холбоотой мэдээ