Беларусь улсад Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-05 17:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө хэмээн заасан. Монгол Улсын хувд Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай түүний дотор Ази, Европын дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, “Дээрх зорилтын хүрээнд Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээхээр төлөвлөж байна. Манай хоёр  оронд хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, тээвэр логистикийн салбарын харилцан ашигтай хөгжүүлэх боломж  өндөр байна. Беларусь улсад Элчин сайдын яамтай болсноор энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ улсынхаа экспорт, импортын барааны эргэлтийг нэмэгдүүлэхээс эхлээд олон давуу тал бий болно. Минск хотод  дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Минск хотноо Элчин сайдын яам нээхэд хэдэн төгрөг зарцуулахыг Ц.Мөнх-Оргил гишүүн тодруулав.

Тус Элчин сайдын яамыг нээхэд нийт 900 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, төсөвт тусгасныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дурьдсан юм.

Монгол Улс Цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээг нийт таван улстай байгуулсан бөгөөд үүний нэг нь Беларусь гэдгийг Ж.Энхбаяр гишүүн онцлов. Мөн уг гэрээг амжилттай хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэх үүднээс Минск хотноо Элчин сайдын яам нээхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ