Сүхбаатар аймаг ирэх оны төсвөө баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-06 10:50:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Сүхбаатар аймгийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэн, төлөөлөгчдийн 87 хувийн саналаар ирэх оны төсвийн орлого, зарлагын хэмжээг 50,9 тэрбум төгрөг байхаар батлав.

“2019 оны төсвийн онцлог гэвэл орлогыг бодитой, маш сайн шахаж төлөвлөсөн. Зарлагын хувьд төсвийнхөө нөхцөл боломжинд суурилан өмнөх оны ажлыг бүрэн хийж гүйцэтгэх, нөгөө талаар иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулахгүй байх гэсэн чиглэлтэй байгаа. Орон нутгийн төсөв дээр хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, орон нутгийн төсвөөс халамжийн зардлууд санхүүждэг байсан бол энэ жилээс улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Харин зөрөөд тусгай шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардлууд орон нутагт шилжиж ирсэн. Энэ нь өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулахтай холбоотой. Мөн дараагийн нэг онцлог бол орон нутгийн хөгжлийн сангаас ирэх орлого хууль тогтоомжийн өөрчлөлтэй холбоотойгоор 1,9 дахин нэмэгдэж, 5,3 тэрбум төгрөгт хүрсэн.”гэж Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал хэллээ.

Тус аймгийн хэмжээнд 2018 оны төсвийн орлого дөрвөөс таван төрөл дээр гурван тэрбум төгрөгөөр тасарсан гэх асуудлыг зарим төлөөлөгчид хөндсөн. Үүний учир шалтгааныг холбогдох албаны хүмүүс тайлбарлахдаа үүнтэй холбоотой нарийн тайлан тооцоо гараагүй. Гэхдээ одоогийн хүлээгдэж буй гүйцэтгэл дээр тооцож үзвэл төлөвлөлтийн алдаатай зүйл байсан гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

 

Холбоотой мэдээ