Чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-06 16:19:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан15.00 цагт эхэлсэн ч Д.Оюунхорол гишүүний гаргасан горимын саналаар өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон бүх асуудлыг түр хойшлууллаа.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар үдээс хойшхи хуралдаанаар уг асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч Засгийн газрын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон бүх хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын саналыг Д.Оюунхорол гишүүн гаргасныг гишүүд 62.8 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр Л.Энх-Амгалан гишүүн, “Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, асуудлаа танилцуулдаггүй, гишүүдийн асуултад хариулт өгөхгүй байх тохиолдол их гарах боллоо. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж байна” хэмээв. Мөн тэрбээр УИХ-аас чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулахгүй байх чиглэлээр Засгийн газарт шаардлага хүргүүлэх хэрэгтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь дэмжсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөв.

Холбоотой мэдээ