"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн ирэх оны төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-08 21:40:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч "Хүүхдэд ээлтэй орон нутаг" 2017-2021 онд таван жилийн хугацаатай хөтөлбөрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй. 2019 онд Баянхонгор аймагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд 618 мянга гаруй ам.долларын зардал бүхий ажил арга хэмжээнүүдийг хийхээр болсон байна.

Тус төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайнкенс нар өнөөдөр албан ёсоор баталж, гарын үсэг зурав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайнкенс Баянхонгор аймагт гурав хоног ажиллах бөгөөд орон нутгийн нөхцөл байдлыг өөрийн биеэр судалж, холбогдох газруудын үйл ажиллагаатай танилцан хүүхэд багачуудтай уулзах аж.

Энэ хүрээндээ хөтөлбөрийн өнгөрсөн жилийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сургалтыг аймаг сумдын удирдлагад өглөө. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхижуулах ажлуудыг хийж буй юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2021 он гэхэд Баянхонгор аймагт ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь сайжруулсан, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулсан, эрүүл, чанартай сургалтын орчинд боловсролын үйлчилгээг үзүүлж тогтсон, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлж, тэгш боломжийг олгодог болсон байх зэргээр дөрвөн үндсэн чиглэлээр ахиц өөрчлөлтийг үзүүлж, үр дүнг тодорхой гаргасан байна гэж тооцоолжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хувьд 2019 оныг "Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил" болгон зарласан. Мөн энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэг, Баян-Ойт сургуулийн барилга ашиглалтад орж байгаа бол 2017 оноос хойш нийт найман цэцэрлэг шинээр баригдсан бол ирэх онд долоон сургууль шинээр барих юм.

Холбоотой мэдээ