Сураггүй алга болсон иргэнийг Эг голоос хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-07 13:22:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарч сураггүй болсон иргэнийг Эг голоос эрэн хайж байна.Тодруулбал,  энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Эг голын орчим 28 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараад сураггүй болоо гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн эрэн хайх ажиллагааг явуулж байна. Сураггүй болсон иргэнийг Эг голын мөс цөмөрч эрсэдсэн байж болзошгүй гэж үзэн тус голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган 2 удаа шумбалт хийж, завиар 5 км, явганаар  голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагаа хийж байгаа аж. Голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна. Өчигдрийн эрэл үр дүнд хүрээгүй тул зогсоож, өнөө өглөө дахин эхлүүлжээ. 

Он гарсаар энэ сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүний амь нас эрсэджээ.

Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11 дүгээр сарын сүүлээр манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон.  Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Холбоотой мэдээ