Архангай аймаг 2019 онд 192.7 га газрыг иргэнд өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-11 11:09:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг сум бүрээр газрын хэмжээ, байршил, зориулалт, газар ашиглуулах хэлбэрээр тусган 2019 онд төлөвлөсөн байна.


Архангай аймагт 2019 онд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны 1166 иргэний 192,7 га газрыг өмчлүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанаар баталлаа. Мөн аймаг, сумын төвд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 663 иргэнд 56,97 га газрыг  өмчлүүлэхээр, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 56 байршилд 39,87 га газрыг эзэмшүүлэхээр, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 50 байршилд 255,28 га газрыг эзэмшүүлэхээр баталсан юм.


Дээрх хуралдаанаар аялал жуулчлал, үр тариа, төмс, хүнсний ногоо,  иргэнд тариалангийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан төмс хүнсний ногооны зориулалтаар нийт 40 байршилд газар эзэмшүүлэхээр боллоо. 


Мөн улсын чанартай авто замын дагуу гэр бүлийн хэрэгцээнд 18 иргэнд 1,26 га газрыг өмчлүүлэхээр, шинээр гэр бүлийн хамтын хэрэгцээнд 389 иргэнд 17,32 га газрыг эзэмшүүлэхээр болсон бол шинээр уст цэг гаргах, засварлах, булгийн эхийг хаших зориулалтаар 52 байршилд 5,29 га газрыг ашиглуулах, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 156 байршилд 10,83 га газрыг эзэмшүүлэхээр, зам, шугам сүлжээний зориулалтаар 9,25 га газрыг ашиглуулахаар, газар хамгаалах, бэлчээр сэлгэх, нөхөн сэргээх, мод тарих зориулалтаар 42 байршилд 188500,06 га газрыг тус тус төлөвлөсөн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит зургаадугаар хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан байна.      

Холбоотой мэдээ