Улстөрийн санхүүжилтыг илээр мэдээлж хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-12-07 14:25:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагууд хамтран авлигын эсрэг “Шилэн нам” гэсэн түншлэлийг санаачлаад байгаа талаар өнөөдөр болсон "Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдлийн үнэлгээ" хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.

Түншлэл нь улс төрийн намуудын эрх зүйн орчин, санхүүжилтийг ил тод болгох үйл ажиллагаа явуулах юм. Санаачлагч Ч.Сосормаагаас энэ талаар тодруулвал, Манай улс Шилэн дансны тухай хууль баталж, сүүлийн жилүүдэд “Шилэн төр”-ийн тухай ярих болсон. “Шилэн” гэдэг бол ил тод байх гэсэн утга. Үүгээр Шилэн дансны тухай хуулийг нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн бүх намыг санхүүжилтийн хувьд ил тод, шилэн болгоё гэсэн санал, санаачилга юм.



Мэдээж улс төрийн намууд өөр өөрийн үзэл бодолтой, сонгуулийн арга туршлага, тактикийн хувьд нууцлах зүйл байлгүй яахав. Харин бидний хувьд улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, хандив, татварыг ил тодоор гишүүд төдийгүй олон нийтэд мэдээлдэг байхыг шаардаж байгаа юм.

Үүний хүрээнд УИХ-д суудалтай буюу МАН, АН, МАХН-аас энэ санаачилгыг эхлүүлж, дээрх 3 намын удирдлага Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд намын санхүүжилт ил тод байх, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг хөтөлбөртэй болох гэсэн тодорхой шаардлага тавьсан” гэдгийг онцолж байв.

УИХ-д суудалтай намууд улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг авдаг. Суудлынхаа тоогоор жилд доод тал нь 760 сая төгрөг авдаг гэж хэлж болно. Гэтэл энэ мөнгийг юунд зарцуулж буй нь тодорхойгүй. Бас юунд зарцуулах ёстойг хуульд зааж өгөөгүйгээс гадна түүнийг хэн хянах нь ч мөн тодорхойгүй байна. Түүнчлэн сонгуулийн хандивын босго, сонгуулийн зардлын дээд хязгаарыг их өндрөөр тогтоодог. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн өнгөрсөн ээлжит сонгуулийн зардлын дээд хязгаарыг нэр дэвшүүлэгч намын хувьд 6.8 тэрбум, нэр дэвшигчид 3.9 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Энэ нь нэр дэвшигч бүр намын болон өөрийн хөрөнгө хандиваас бүрдсэн 10.7 тэрбум төгрөгийн зардлыг сонгуульд зарцуулах эрхтэй болсон гэсэн үг. Манайх шиг ядуурал, ажилгүйдэл их, хүн ам цөөтэй, эдийн засгийн хямралтай улс оронд энэ нь асар их хөрөнгө. Гэтэл манайд сонгуулийн зардлыг хамгийн хямдаар тогтоох стратеги бодлого байхгүй, үүнийг хуульд тусгаагүй байгаа”-г хэлэлцүүлгийн үеэр хөндөж байв.

Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн компаниудын үнэд тулгуурлан тооцож Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хязгаарыг зарлаж байгаа.Гэвч богино хугацаанд энэ их хөрөнгийг хэн босгож чадаж байна, тэр хүн л сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой болдог. Харин жирийн иргэн, шударга хөдөлмөрлөж байгаа хүн нэрээ дэвшүүлэх боломжгүй болж байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, тэгш гарааг боомилж байна. Мөн энэ их хөрөнгө зарцуулсан хүн эргээд нөгөө мөнгөө төрөөс гаргах, бусдын нөлөөнд автах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тиймээс намуудын санхүүжилтийг ил тод, шилэн болгохын тулд юуны өмнө дотоод хяналтын байгууллага их чухал. Харин дотоод хяналтын байгууллага хараат бус байх үед л бүрэн ажиллана. Гэтэл хараат бус байдлын шинжилгээг намуудын дүрэмд тулгуурлан хийгээд үзэхээр дотоод хяналтын байгууллага хараат бус байж чадахгүй байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ