Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хугацааг сайтар шалгахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-08 21:58:22

Увс /МОНЦАМЭ/. Аливаа баяр ёслолын үеэр иргэдийн дунд хоол хүнснээс үүдэлтэй гэдэсний өвчлөл, хордлогот өвчин гарах эрсдэл тус аймагт нэмэгддэг байна. Учир нь иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа он сар өдөр, хадгалалт зэргийг хянадаггүй, нөгөөтэйгүүр хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлаас илүү ашиг олохоо илүүд үзэх тал байдаг. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ цаг үед бялуунээс эхлээд кремтэй бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдэж байна. Иймд кремтэй бүтээгдэхүүнийг хэрхэн  сонгон хэрэглэх талаар урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг аймгийн МХГ-ын байцаагчаас тодрууллаа.

Шинэ жилийн баярын үеэр бялуу, кремтэй бүтээгдэхүүн худалдан авахдаа 0-6 хэмд худалдаалж байгаа эсэх, ил задгай, хөлдөөсөн болон хөргөлтгүй лангуугаар буюу тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, зориулалтын сав баглаа боодолтой эсэх, шошгыг харах, бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн болон орц найрлагын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Түүнчлэн амархан мууддаг бүтээгдэхүүн болох өндөг авахдаа хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, ураг нь гоожсон, гадна тал нь бохирдсон эсэхийг ажиглах, хиамыг барьж үзээд гадаргуу нь чийглэг, гарт наалдаж байвал худалдан авах хэрэггүй” хэмээн аймгийн МХГ-ын ХЧЭАХ-ын улсын байцаагч Ц.Нямжаргал хэллээ.

Холбоотой мэдээ