Хүйтрэлтэй холбогдуулан дулааны температурыг оргил ачааллаар ажиллуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-08 19:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЭХЯ-ны мэдээлж буйгаар Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2018-2019 оны өвлийн их ачааллын үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүлжээний усны халуун болон даралтын горим, зарцуулалтыг их ачааллын баталсан горимын дагуу барьж ажиллаж байна.

Энэ талаар ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцэж, Диспитчерийн Үндэсний төвийн захирал Г.Балжинням системийн хэмжээн дэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар товч мэдээлэв. Тэрээр, “Төвийн бүсийн хувьд 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлтэй байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчим  нэмэгдээд байна” гэв.



Гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан дулааны температурыг нэмэгдүүлж байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Өнгөрч буй 7 хоногийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -24С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/59С, Дархан хотод -22С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 100/57С, Эрдэнэт хотод -24С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 120/600С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөж хэрэжилтэд хяналт тавин ажиллажээ.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -30С-32С хүртэл хүйтрэх төлөв бүхий байгаа тул гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан тооцож, сүлжээний усны халууныг баталсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар горимын даалгаврыг төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ