З.Батзориг: Булган аймагт 27,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-09 14:29:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ирэх оны төсвийн талаар аймгийн Засаг дарга З.Батзоригоос тодруулга авлаа.

            - Ирэх жилийн аймгийн төсвийн онцлог юу вэ?

- Аймгийн ИТХ-ын хуралдаан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн. Мөн ирэх жилийн төсвийг баталлаа. Ирэх жил Булган аймгийн хувьд байгаль хамгаалах сангийн 5,4, орон нутгийн хөгжлийн сангийн 3,0 тэрбум, нийт 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутгийн түвшинд хийгдэх дүр зурагтай байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт УИХ-аас баталсны дагуу тус аймгийн хэмжээнд 18,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна. Улс, орон нутгийн нийт 27,3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх онд хийгдэхээр болж байна.

Ирэх оны хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлсэн. Бид бүхэн 2016 онд ИТХ-ын хуралдаан дээр тохирсон нэг зарчим байдаг. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, 2017, 2018 оны хөрөнгө оруулалтыг аймгийн төв Булган сум руу, 2019, 2020 оны хөрөнгө оруулалтыг хөдөө орон нутаг руу чиглүүье гэсэн бодлого барьсан. Үүний дагуу ирэх жилийн аймгийн нийт хөрөнгө оруулалтын 75 хувь хөдөө орон нутаг, санд хуваарилагдаж байна.

Нөгөө талаар орон нутагт жигд хүртээмжтэй байхад анхаарч төсвөө баталсан.

            - Төсөв боловсруулахад ямар бодлого баримталсан бол?

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч 2019 оны улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг бүрэн уялдуулж чиглүүлсэн байна. Мөн нийгмийн салбар боловсролд 1,6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөв дээр суулгалаа. Эрүүл мэндийн салбарын асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх үеэр жил бүр тус салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр амласан байгаа. Үүний дагуу өнөө жил улсын төсвөөс 1,5 тэрбум, аймгийн төсвөөс 870,0 сая төгрөг нийтдээ 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Хамгийн гол зүйл ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, амьдралын чанарыг сайжруулах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зарим төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

            - Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж ямар байна вэ?

- Манай аймаг улсын төсвөөс татаас авдаггүй зургаан аймгийн нэг. “Эрдэнэт” үйлдвэр Сэлэнгэ мөрний ус ашигласны төлбөрт жил бүр 11-12 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Өнөө жил усны төлбөрийн  орлого 1-2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ нь аймгийн төсвийн орлогын гол түлхэц болж байна.

Татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хэрэгжүүлсний үр дүнд татвар төлөгчид нэмэгдлээ. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, дотоодын худалдан авалтыг сайжруулах талаар анхаарч ажилласны үр дүнд төсвийн орлого 500 сая төгрөгөөр нэмэгдсэн мэдээ байна. 

Холбоотой мэдээ