Цас, мөсний цэвэрлэгээ үүрийн 04 цагаас эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-10 20:30:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Сүүлийн үед хүйтний эрч чангарч авто замын халтиргаа гулгаа нэмэгдсэн тул аймгийн Хот тохижуулах газар  5 тонн бодис, 1,5 тонн давс, 12м3 хайргыг гулгаа ихтэй газар цацжээ. Мөн цас, мөсний цэвэрлэгээг өглөө 04 цагаас эхлэн 30 орчим хүн өдрийн 10 гаруй цаг, зургаан механикжсан бага оврын техник, 4 авто машинтайгаар цэвэрлэж байна.

Мөн  “Орхон АЗЗА”,  Эрдэнэт үйлдвэр” компани, Хот тохижуулах газар нийтийн эзэмшлийн талбайг хуваан цэвэрлэдэг бөгөөд  улсын чанартай 1001 замыг Орхон АЗЗА компани, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобус явдаг замыг тус үйлдвэр, үлдсэн замыг Хот тохижуулах газар хариуцан цэвэрлэдэг байна.     

Гэвч Эрдэнэт үйлдвэрийн хариуцсан хэсгийн зам дээр цас хайлуулах зориулалтын бодис, бус зөвхөн хайрга цацаж байгаагаас халтиргаа гулгаа нэмэгдэж байна гэж Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр хэллээ. Иймд Хот тохижуулах газраас аймгийн удирдлагуудад хандан Эрдэнэт үйлдвэрийг хариуцсан зам дээрээ зориулалтын бодис, давс цацахыг анхааруулсан  албан тоотыг хүргүүлжээ. 

Холбоотой мэдээ