Сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-10 21:03:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Аймгийн 15 сумаас шалгарсан 40 эрэгтэй, 16 эмэгтэй шатарчин “уулгүй талын, цусгүй тулаан” гэж нэрлэгддэг энэхүү оюуны их тэмцээнд мэдлэг, чадвараа шалган өрсөлдсөн юм. Оролцогчдоос хамгийн ахмад нь Нарийнтээл сумын шатарчин, 76 настай У.Отгонлхагва байсан бол 19 настай оюутнууд хамгийн залуу шатарчид байв.

Тэмцээнийг манлайлсан Арвайхээр сумын иргэн М.Баатар, Баруунбаян-Улаан сумын иргэн Г.Батчимэг, мөн тус сумын иргэн Э.Наранхүү нар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай.

6 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд орон даяар болж өндөрлөсөн нь энэ юм.

Холбоотой мэдээ