Б.Батсүх: Орхон аймагт 80 гаруй сувилагчийн сул орон тоо байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-11 12:45:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар  хуралдааны үеэр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  дарга Б.Батсүх тус эмнэлэг хүний нөөцийн дутагдалд орсон тухай мэдээлсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв  нь 500 орчим ажилтантай. Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэдэд давхар үйлчилдэг. Ачаалал ихтэй байдаг. Гэтэл боловсон хүчин дутагдалтай байгаа талаар мэдээллээ?

-Тиймээ манайд нарийн мэргэжлийн эмч нар хэрэгтэй байгаа. Одоогоор сувилагчийн сул 80 ажлын байр байна. Мөн уушги, бөөр, зүрх зэрэг дотрын нарийн мэргэжлийн эмч нэн шаардлагатай байна. Учир нь эмнэлгийг 1983-1986 онд өргөтгөл хийхэд анх ажилд орсон эмч, сувилагч нар энэ жил хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэвэрт гарахаар болсон. Манай эмнэлэг 40 жилийн туршлага, түүхтэй. Өөр аймаг сумын иргэд ихээр зорьж ирдэг. Бусад аймгийн эмнэлгүүдийн үзүүлдэг үйлчилгээнээс илүү олон нэр төрлийн тусламж үзүүлдэг онцлогтой. Тиймээс иргэдийн итгэлийг алдахгүйн тулд нарийн мэргэжлийн чадварлаг эмч, сувилагчийн эрэлт хэрэгцээ маш ихээр гардаг.

-Нийт ажилтны  хэдэн хувь нь нарийн мэргэжлийн эмч нар байдаг вэ?

-Манай эмнэлэг 24 тасаг, нэгжтэй, 505 эмч, ажилчинтай. Үүний 120 орчим нь их эмч, 260 нь эмнэлгийн  дунд болон тусгай мэргэжилтэн ажилтан гэж явдаг. Стандартын дагуу бол 700 хүн ажиллах ёстой. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ асуудалд анхаарч манай аймагт ажиллахаар ирсэн нарийн мэргэжлийн эмчийг орон сууцаар хангах болон нийгмийн асуудалд нь туслахаа мэдэгдсэн.

-Боловсон хүчний хомсдол үүсч байгаагийн гол шалтгаан юу байна вэ?

-Бид олон удаа нээлттэй ажлын байрны зар түгээсэн ч цөөн хүн ирсэн. Бид бодлогын хүрээнд сургууль төгсөж буй залуусыг нарийн мэргэжлийн эмчээр дахин сургаж байгаа. Гэхдээ мэргэшихийн тулд 3-4 жил суралцах шаардлагатай. Бидэнд одоогоор тийм удаан хүлээх боломж байхгүй байна. Мөн Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдийг өргөтгөн дотор, гэмтлийн тасгуудыг нээхээр төлөвлөж байгаагаас гадна шинээр маш олон хувийн эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа учир их сургууль төгсөж буй эмч, сувилагч нар дээрх эмнэлгүүдэд ажиллах хүсэлтэй байдаг юм байна. Тиймээс орон нутгийг зорьж ирэх залуу мэргэжилтэн ховордсон нь сүүлийн жилүүдэд ажиглагдаад байгаа. Ер нь ганц манай аймгийн эмнэлэгт хүний дутагдалтай байгаа биш. Бүх л аймаг сумууд иймэрхүү нөхцөл байдалтай байна.


Холбоотой мэдээ