"Хөршийн холбоо"-ны дүрэм боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-11 10:41:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн холбоо” төрийн бус байгууллагаас “Хөршийн холбоо” байгуулан ажиллах үлгэрчилсэн дүрмийн төслийг боловсруулжээ.

Энэ төсөл нь иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхээр сайн дурын үндсэн дээр нэгдэж энэ чиглэлээр нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилготой аж.

Эл үлгэрчилсэн дүрмийн төсөлд санал авах зорилгоор Сүхбаатар сумын найман багийн иргэдийн дунд энэ сарын 07-ны өдөр аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд уг “Хөршийн холбоо” байгуулан ажиллах үлгэрчилсэн дүрмийн төслийг дэмжсэн байна. Тэд холбоо байгуулахад дагаж мөрдөх хэд хэдэн саналуудыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Тухайлбал:

-Хөршийн холбооны гишүүдийг хууль, эрх зүйн сургалтанд хамруулах
-Гэр хороолол, орон сууцны орчин нөхцөл өөр тул үүнийг дүрэмд тодорхой тусгах
-Хөршийн холбооны үүргээ биелүүлэх баталгааг дүрэмд нэмж тусгах
-Хөршийн холбоодын ажиллах цагийг тодорхой зааж өгөх
-Хөршийн холбоод тухайн багаас ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчөөрөө дамжуулан асуудлаа тавьж шийдүүлэх зэрэг саналуудыг гаргасан байна. Энэхүү “Хөршийн холбоо” байгуулан ажиллах дүрмийн төсөлд иргэдийн саналыг авч тусган цаашлаад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Иргэд оршин суугаа газраа “Хөршийн холбоо” байгуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оршин суугчдын оролцоо дэмжлэг нэмэгдэж, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил буурч, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэн, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангаж, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг далд хэлбэрийн хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох боломжтой болох аж. Мөн “Хөршийн холбоо”–гоор дамжуулан хог хаягдал, байгаль орчны бохирдлын эсрэг арга хэмжээ авч ажиллахыг харъяалах мэргэжлийн хяналт, байгаль орчны газруудад санал, мэдээлэл өгч ажилласнаар иргэд өөрийн амьдран буй нутаг дэвсгэртээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд бодитоор оролцох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм байна.

Холбоотой мэдээ