ХХЕГ-ын Хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүх албан ёсны хариу өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-11 12:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн дагуу оршдог Сүхбаатар аймгийн нэг хэсэгт хууль зөрчин газар ашиглах зөвшөөрөл олгосон талаар "Босоо хөх монгол"-ын залуус цахим сүлжээнд мэдээлэл тараасан. Энэ шуугиант мэдээллийн талаар албан ёсны хариуг ХХЕГ-ын Хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүх өгч байна.

-Сүүлийн үед цахим орчинд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Макс Ойл” ХХК-тай холбоотой мэдээлэл нэлээд эрчимтэй тархаж байна. Үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон уу?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 337 дугаар тогтоол гаргаж, Газрын тосны хайгуулын “Ар булаг XXIX” талбайд үндэсний хөрөнгө оруулалттай “Макс Ойл” ХХК-тай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г тухайн жилийн 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан байдаг.  Энэ гэрээний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах 114 дүгээр тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаатай олгосон байна. Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд “Макс Ойл” ХХК-д Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэж, хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгосон.

-Хил дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар хууль эрх зүйн үндсэн дээр зөвшөөрөл олгодог вэ?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25.2-т “Хилийн боомт, зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/97 тоот тушаалаар “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот захиргааны хэм хэмжээний эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөж байна. Мөн хуулийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн улсын хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид 26.2.3-т “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах” гэж заасны дагуу хилийн зурваст түр нэвтрэх зөвшөөрөл олгодог.

-Олон нийтийн сүлжээнд “Хилийн тор тасалсан, аргаа барсан хилийн цэргийн дугаар заставынхан хандив гуйж тороо зассан” гэх мэдээлэл байна. Хилийн торыг тасалж хайгуулын үйл ажиллагаа явуулсан  хэрэг үү?

-Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн хэсэгт одоогоор хилийн тор саадгүй бөгөөд 1980-аад оны үед улсын хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шонгууд тал хээрийн түймэрт шатсан юм. Ирэх хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт торон хашааг сэргээн засварлахаар бэлтгэл хангагдаад явж байна. Хилийн аймаг, сумдууд жил бүр хуулийн дагуу төсөвтөө хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий нэмэгдэл зардал тусгаж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг явдлыг буруу ойлгож, ташаа тайлбарласан байна билээ.

-Хилийн зурваст Хятад иргэд ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл үнэн, бодитой юу?

-“Макс Ойл” ХХК нь хайгуулын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 106, 05 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудын дагуу БНХАУ-ын 23 иргэнийг ажиллуулж байсан. Гадаадаас ажиллах хүч авах, мэргэжилтэн урих, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэд Монгол Улсад оршин суух, бүртгэл болон түүнд хяналт тавих асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар тус тус хариуцан ажилладаг.

-Хилчид үүргээ биелүүлэхгүй байна, хилийн тороо тасалсан гэх мэдээллийг ташаа гэж ойлгож болох уу?

-Хил хамгаалах байгууллага, хилчид Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргээ үнэнчээр биелүүлж, улсын хил хамгаалалтыг тасралтгүй явуулж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд гарч буй дээрх мэдээллүүдэд ул суурьтай хандаж, шаардлагатай мэдээлэл, эрх зүйн актуудыг Хил хамгаалах байгууллагын вэб сайтаас танилцаж, үнэн зөв мэдээлэл авах боломж нээлттэй байгаа.

Холбоотой мэдээ