А.Пүрэвдолгор: Нийт 497 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулж, 552,6 сая төгрөг олгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-12 09:28:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ удаагийн тодруулгаа аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас бэлтгэлээ. Тус газар нь энэ онд зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ тухай ХХҮГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Пүрэвдолгортой ярилцлаа.

- 2018 онд ямар ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж  байна вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан  “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” гэсэн зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

- Нийт хичнээн иргэн төсөл хөтөлбөрт хамрагдсан бэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10 сарын байдлаар нийт 497 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулж, 552,6 сая төгрөгийг зарцуулаад байна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн авсан төслийн хэдэн хувь нь амжилттай хэрэгжиж байна  вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.

- Тэгвэл үлдсэн 20 хувь нь ?

-Эдгээр нь хүнсний ногоо, барилгын материалын үйлдвэрлэл чиглэлийн төслүүд байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэн боловч одоогоор улирлын чанартай учраас зогсонги байдалтай байна гэсэн үг.

Төслийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-өөс бусад таван хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийг санхүүжилтээ авсан өдрөөс нэг сарын дараагаас төслийн хэрэгжилтийг /тоног төхөөрөмж худалдан авсан эсэх, эргэлтийн хөрөнгөө зарцуулсан эсэх гэх мэт/ хянах зорилгоор явцын тайлан авдаг. Тус тайланг ирүүлээгүй тохиолдолд тухайн иргэний үйл ажиллагаанд жилд хоёр удаа хяналт хийж, эргэн төлөлт хэрхэн хийгдэж байгаа эсэхийг хянаж шалгадаг.

- Иргэдэд олгогдсон мөнгийг төслөөр нь ялгаж үзвэл?

-2018 он гарснаар дараах хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг /төсөл бичиж, дэмжлэг авсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд/ үзүүлээд байна. Үүнд:

1.   “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 71 иргэнд 168 сая төгрөг,

2.  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан дөрвөн иргэнд 40 сая төгрөг,

3.  “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” малжуулах арга хэмжээнд 54 залуу малчин өрх хамруулж 299 сая төгрөг,

4.   “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр” эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 31 иргэнд 63 сая төгрөг,

5.  “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан найман иргэнд 19 сая төгрөг буюу нийт 178 иргэн 589 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд хамрагдсан байна.  

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ