Хүүхдүүд хашаандаа сайхан амьдрах орчин бүрдүүлэхийг гар зургаар илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-12 16:00:22

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ахуй төсөл” ТББ, аймгийн Барилгачдын холбоо, “Эхлэл Ховд” ТББ хамтран гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөрс, агаар, орчны бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлох, иргэдийн санал санаачлагыг дэмжих зорилгоор "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд иргэдэд хашаандаа сайхан амьдрах боломжийг сурталчлах, төслийн үйл ажиллагааг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг төсөлд тусгах зорилгоор "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн уулзалт, хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 09-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн удирдах ажилтнууд, аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн үйл ажиллагаа, зорилго, зорилт, Жаргалант сумын агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашдын хандлага, агаар орчны бохирдол, усны хэрэглээ, ХБНГУ-ын Вернигерод хотын сайн туршлага, гэр болон барилгын дулаан алдагдлын тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, хашаандаа сайхан амьдрах боломж бололцоо, хөршийн холбоогоор дамжуулан амьдрах орчноо сайжруулах арга зам, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

"Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан, бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшууллаа. Гар зургийн уралдаанд 500 гаруй, эссэ бичлэгийн уралдаанд 100 гаруй оюутан, сурагчид оролцсон байна.

Уралдаанд оролцогчдын бүтээлд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, гэр хороололд дахин төлөвлөлт хийх, хөршийн холбоо үүсгэн амьдрах орчноо дээшлүүлэх, хөгжүүлэх, хашаандаа ая тухтай амьдарх боломж, гарц шийдэл, шинэ санал санаачлага, төлөвлөлтийг тусган харуулж чадсан байгааг зохион байгуулагчид онцлон хэллээ.

Мөн "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн удирдагч Э.Алтан-Од хэлэхдээ: Энэхүү төсөл нь гэр хорооллын хүндрэлтэй асуудлын тодорхой хэсгийг хялбар аргаар шийдэх, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, төр засгаас гэр хорооллын талаар баримталж буй бодлого шийдвэртэй уялдуулан гэр хорооллын айл өрхүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хашаандаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, барилгын дулаан алдагдлыг бууруулах, хашаагаа тохижуулах, хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, иргэдийн оролцоо, хөршийн холбооны саналыг дэмжиж ажиллана” гэв.

Холбоотой мэдээ