Р.Төмөрхуяг: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд туслах хүсэлт гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-11 14:05:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Прокурорын байгууллага хуулийн зүйлчлэл тохироогүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж байгаатай талийгаач Л.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх  санал нийлэхгүй байна гэв.

Талийгаачийн амь насанд хүрсэн хэргээр сэжиглэж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр талийгаачийн аав, өмгөөлөгчдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг, “Хүүгийнхээ 49 хоногийн дараахан хэвлэлийн бага хурал хийж байснаас хойш 2 сарын хугацаа өнгөрчээ. Манай гэр бүлийн зүгээс хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд байхыг хүсэхгүй байгаа ч энэ мэдээллийг л хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Учир нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсангүй. Хүүгийн минь амь насыг хохироосон эл хэрэг прокурорын байгууллагад очоод маш богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүй шүүхэд шилжсэн. Ингэхдээ хэрэгт оролцсон хоёр хүний асуудлыг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалын ялыг хамгийн хөнгөнөөр шийдэхээр зүйлчилсэн байгаад гомдолтой байна. Бидний зүгээс энэ хэргийг анхнаасаа албан тушаалын маргаантай холбоотой гэж үзэж байгаа. Хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэж чадахгүй байгаад харамсаж байна. Зохих шатны байгууллагад нь санал гомдлоо уламжилж, үнэн мөнийг нь олохын тулд чадах бүхнээ хийнэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд тусалж дэмжих хүсэлт өгнө” гэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Өнгөрөгч 8 дугаар сарын 9-нд цагдаагийн байгууллага эл хэргийн бүртгэл нээсэн байдаг. Өмгөөлөгчдийн зүгээс Прокурорын байгууллагаас гаргасан зарим нэг шийдвэрт санал нийлээгүй тул гомдол гаргасан. Прокуророос зарим нэг гомдлын хариуг огт өгөхгүй байна. Бидний гомдлыг шийдвэрлэж хариу өгөлгүй шүүхэд шилжүүлсэн шийдвэртэй санал нийлэхгүй. 



Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, “Хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар өнөөдөр өглөө Ерөнхий прокурорын хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Хэргийн бодит байдал илэрхий бөгөөд шалгавал зохих ажиллагаа нь тодорхой байсан. Энэ хэргийг шалгахад 90 жилийн түүхтэй мөрдөн байцаах албаны туршлага, мэргэжлийн ур чадвар, хэрэглэж байгаа техник гологдох бэрхшээл тулгарахгүй. 

Анх хэрэг бүртгэл нээхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1-ээр буюу “Хүнийг санаатай алах”, хүндрүүлэх нөхцөлгүйгээр зүйлчилсэн. Бидний зүгээс хэргийг “ажил, албан тушаалтай нь холбогдуулж амь насыг хохироосон” байж болзошгүй гэдэг үндэслэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын тухай 2.5, 2.7-д тодорхой заасан байдаг. Тиймээс Прокурорын байгууллагад энэ талаар шалгахыг удаа дараа хүсэлт тавьсан боловч хариу өгөлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна” гэв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ