Монголын бокс 70 жилийн түүхээ алтаар бичиж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-11 16:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын боксчид 70 жилийнхээ түүхэнд дэлхийн дэвжээнээс авах л учиртай бүх медалийг хамж авчээ. Энэ баян түүхийг "Монголын бокс 70 жил" номоос үзэж болно. Энэхүү номыг манай МОНЦАМЭ агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан эхийг нь бэлтгэн эмхэтгэн барьж, зөвлөхөөр нь МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Д.Батсүрэн нар ажиллажээ. Боксын 70 жилийн түүхийг 10,10 жилээр багцлан долоон бүлэгт хуваан боксчдын амжилт, ололт, алдаа, оноог дэнслэн бичсэн нь сайшаалтай. Монголд бокс 1948 оноос эхэлж хөгжсөн ч МБХ 1951 онд байгуулагдсан байна. Тиймээс боксын түүхийг 1948-1958 он, 1958-1968 он, 1978-1988 он, 1988-1998 он, 1998-2008 он, 2008-2018 он гэсэн дарааллаар аваргатай, медальтай нь ярайлган бичиж, түүхэн зургуудыг хавсаргасан нь монголын боксын амьд түүхийн хураангуй болж чадсан байна. Монголын боксчид 1971 оноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 1974 оноос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1972 оноос зуны олимпийн наадмуудад тасралтгүй оролцон олон арван аваргатай, мөнгө хүрэл, медальтантай болжээ. Олимпийн наадмаас 2008 онд анх удаа Олимпийн аварга Э.Бадар-Ууган /Бээжин-2008/, хоёр мөнгөн медаль П.Сэрдамба /Бээжин-2008/, Н.Төгсцогт /Лондон-2012/, дөрвөн хүрэл медаль Н.Энхбат /Сөүл-1988/, Н.Баярсайхан /Барселон-1992/, У.Мөнх-Эрдэнэ /Лондон-2012/, Д.Отгондалай /Рио-2016/ нар хүртсэн. Дэлхийн аваргаас бол нэг алтан медаль, дөрвөн мөнгөн медаль, 5 хүрэл медаль хүртсэн байна. Энэ жил эмэгтэй боксчин М.Нандинцэцэг "Нью дели-2018" дэлхийн аваргын тэмцээнээс анхны хүрэл медаль хүртлээ. Энэ мэт нэн олон сонин, содон түүхийг энэ номоос үзээрэй...


Холбоотой мэдээ