“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-12 14:43:48

“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” нийтлэлийн уралдаанд

Амиа бодсон ганцаардмал хүйтэн орчинг цахим ертөнц авч ирэв үү?

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.  “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” энэ бол цоо шинэ үг. Саяхан болтол бид цахим гэдэг үгийг хэрэглэх нь байтугай мэддэг ч үгүй байлаа. Дэлхийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн даяаршиж буй эл нийгэмд хүмүүс насны ялгаа зааггүйгээр амьдралын түмэн өнгийн мэдээллийг цаг тутам дуртай үедээ авсаар байна. Өнөөдөр өрх бүр гэртээ интернэттэй болсноор өдөр, шөнөгүй интернэт ухаж суудаг хүмүүсийн тоо ч улам нэмэгдсээр. Энд насны хязгаар гэж үгүй.

Манай оронд цахим буюу интернэт хэрэглээ 1994 оноос эхэлж арваадхан жилийн дотор 2007 он гэхэд л 17329 хэрэглэгч, 2010 онд 709600 хэрэглэгчтэй болж, 20 жилийн дотор 2014 онд гурван сая хүн амтай монгол орны хүн амын 70 орчим хувь нь  интернэт хэрэглэдэг болсон судалгаа нь интернэт хэрэглэгчийн тоо огцом өссөнийг  илтгэж буй юм.

Аливаа зүйл сайнтай саартай, эерэг сөрөг зүйлийг дагуулж байдаг. Интернэт хэрэглээ бий болсон 10 жилийн хугацаанд 2004 онд манай улсад анх удаа компьютерт донтсон хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлсэн анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэр үед жилдээ 1-2 хүүхэд л эмчлүүлдэг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд интернэтийн хэт донтолттой болж энэ төвд хүргэгддэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан судалгаагаар интернэтээр тоглоом тоглож буй хүүхдүүдийн 51 хувь нь гэртээ тоглодог бөгөөд интернэт сүлжээ ашиглан хоорондоо тоглосоор эцэстээ сэтгэцийн эмгэг тусдаг байна. Сэтгэцийн хараат байдалд орсон хүүхэд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийх гэх мэтчилэнгээр зан төрх нь өөрчлөгддөг болохыг сэтгэцийн эмч нар ярьж байна. Мөн донтолтод орсон хүмүүст улигт үйлдэл илэрдэг гэдгийг ч мөн тэд хэлсэн юм. Үүнийг өөрөөр хөнгөн гуниг ч гэж тодорхойлдог аж. Тэгэхээр хүн ямар нэгэн стресст орох, эсвэл хийх юмаа олж ядсан үедээ интернэтээр аялж сатааран тайвширдаг байна. Мөн фэйсбүүкт дахин дахин удаанаар орох нь донтож буйг илтгэх улигт үйлдэл болдог учраас хэт их хэрэглээ гэж үзээд бие хүмүүс өөрсдөө хэрэглээгээ хянаж, зохицуулахыг ч зөвлөж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ төлөө хараа хяналтаа орхигдуулаад, цахим орчинд өөрсдөө хүртэл цаг наргүй аялдаг болсонтой холбоотойгоор хүмүүний хоорондын халуун дулаан яриа, гэр бүлийн амьд харилцаа үгүй болж, интернэтийн орчин дахь амиа бодсон хүйтэн орчин тэднийг бүрхсээр. . .

Монгол Улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Эл орчин дахь үйлдлүүд нь далд явагддагаараа төвөгтэй бөгөөд нэг хүүхэд 2-3 түүнээс ч олон хаягтай байх жишээтэй.  Монгол Улсын хэмжээнд жил тутам цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өсч, өнгөрсөн онд 300 гаруй, энэ онд 400 гаруй бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд цөөхөн байгаа ч дэлгэрэнгүй хэлэх боломжгүй юм. Цахим орчинд ихэвчлэн залилан мэхлэх, айлган сүрдүүлэх, даган дууриах гэмт хэрэг үйлдэгддэг байна. Эрдэмтэд эцэг эхчүүдэд хандаж 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой, муу нөлөө багатай болохыг зөвлөсөн байна.

Ажилтай завгүй явдаг эцэг эхчүүд гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа гар утастайгаа нөхөрлөж өнгөрүүлдэг болсон. Энэ бол гар утас маажсан амиа бодсон ганцаардмал орчинг бүрдүүлж, нөгөө гэр бүлийн амьд харилцааг орхисноос үүдэлтэй нүдэнд харагдахгүй хана тэднийг холдуулж буйг анзаардаггүй байна. Чухам л ийм цаг үед хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, амьд харилцаанд орох нь чухал юм.

Амьд харилцааг үгүйлэх болсны учир . . .

Цахим орчин хэмээгч нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, эрсдэл үүсч байгааг одоо л нийгмээрээ харж, ойлгож, дуугарч эхэллээ. Энэ бол оройтсонгүй яг л тоглоомын ид дунд үед нь ухаарлаа. Хүмүүс цахим ертөнцөөр аялахдаа бусадтай харилцах үнэт зүйлс болох амьд харилцаанаас холдож, түүнийг мартах хүйтэн ханыг өөрсдөө босгосон юм.     

Ялангуяа бага насны хүүхэд сайн төлөвшөөгүй байдгаас юу болно, юу болохгүй гэдгийг ойлгодоггүй. Иймээс гэр бүлийн гишүүд маш сайн анхаарал тавих ёстой юм. Сүүлийн үеийн интернэт тоглоом улам сонирхол татаж, өнгө, дүрс нь сайжирсан учраас хүүхдүүд түүнд маш ихээр татагдах болжээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, дотно харилцаа үүсгэж, халуун дулаан гэр бүлийн орчинг бүрдүүлэхгүй бол таны хүүхэд зах хязгааргүй энэ цахим ертөнцөд зүг чигээ олохгүй харанхуй мананд төөрч байна. Энэхүү манангаас гаргахад гэр бүлийн халуун уур амьсгалыг бүрдүүлсэн, эцэг, эх, хүүхдүүдийн нүүр нүүрээ харсан амьд харилцаа хамгаас чухал болсоныг энэ цаг үе та биднээс нэхэх боллоо.

Бидний бага насанд интернет гэж зүйл байдаггүй байсан. Хичээлээ тарж ирээд гэрийнхээ ажилд туслаад хичээлээ давтдаг, ээж, аав, ах, эгч нартайгаа ярилцаад ширээгээ тойрч суугаад хооллох бүрдээ нүүр нүүрээ хараад өдрийнхөө болсон үйл явдлыг ярилцдаг байв. Энэ бүхэн хүүхдэд гэр бүлийн халуун дулаан орчинд ямар сайхан хүмүүжилд, ёс суртахуун, хүн хүнээ хайрлах, хүндлэхийн ухааныг өгч байсныг дурсан сууна. Тийм орчинд өсөж хүмүүжсэн хүүхдүүдийн нүднээс гэрэл цацарч, зүрхэнээс хайр ундардаг юм. Одоо бол үзэж буй зүйлээсээ янз бүрийн сөрөг урсгалыг өөртөө татаж, хайр гэж юу болохыг таньж мэдэж чадахгүй болтлоо цахимжсан ирээдүйг бид өсгөн, хүмүүжүүлэх боллоо. Тэд даган дууриахын их аянд өөрсдөө ч мэдэхгүй татагдан орж, төрсөн эхээ, эцгээ хайрлах сэтгэлгүй хүйтэн хүрэл зүрхтэнгүүд болж өсөн торних замд орж эхэллээ. Одоо л бид сэтгэл түгшээн буй далдын харанганаас учир мэдэхгүй бяцхан иргэдээ аврах цаг иржээ.

Хүүхдийн суурь хүмүүжилд гэр бүлийн нөлөө асар их үүрэгтэй болох нь өнгөрсөн хугацааны өгөгдлүүд илэрхийлсээр. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Бага насанд нь л хүүхдийн суурь төлөвшил, хэм хэмжээг сайтар ойлгуулах юм бол цаашдаа биеэ даачихдаг хэмээн хөгшчүүл хэлдэг. Ажиглаж байхад багш, эцэг эх гэсэн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байтал сүүлийн үеийн эцэг, эхчүүд хүүхдээ багшид даатгаад, багш нь эцэг, эхэд даатгаад орхих болсоноор хүүхдүүд хараа хяналтгүй орхигдох нэгэн нөхцөлийг хангаж өгч байна. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурах, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулж, хичээлдээ хэрэглэх зүйлсээр нь хангаж өгсөнөөр ирээдүйд боловсролтой сайн хүн бэлтгэж байна гэж ташаа ойлгож ирсэн нь маш том эндүүрэл юм. Ямарч өсвөр насны хүүхэд их сониуч зантай байдаг. Аливаа юмыг туршиж үзэх, олны анхаарлын төвд байх гэсэн сонирхолоосоо болж олон нийтийн сайт болох Facebook, twitter-т донтох нь сүүлийн үед ихэссэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд, хүүхдийн байгуулагуудын мэргэжилтнүүд ярьж хэлсээр л байгаа.   

Утасны цаанаас, хананы цаанаас, цахим ертөнцөөс бус. Нүүр нүүрээ харсан халуун дулаан ярианаас, таны хүүхдээ хайрласан харцнаас бүх зүйлийн учир тайлагдаж, ирээдүй рүү зөв хүн алхах болно оо.  

Сэлэнгэ аймаг цахим орчин дахь эрсдлээс хүүхдүүдээ хамгаалах юу хийв?

Сүхбаатар сумын ЕББДС-ийн нийгмийн ажилтанууд аймгийн хэмжээнд интернэтийн хэрэгцээг хязгаарлаж өгвөл зүгээр гэсэн санааг хэллээ. Сүүлийн үед нийслэл хотод цахим орчинд гэмт хэрэг их гарч ахлах ангийн хүүхдүүд өртөж байгаа мэдээ олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа. Харьцангуй хөдөө орон нутагт бүртгэгдсэн зүйл хараахан бага юм. Сэлэнгэ аймгийн тухайд БСШУ-ны сайдын тушаалаар сургуулийн орчинд гар утас хэрэглэхгүй байх журмыг хэрэгжүүлж, өглөө хүүхдүүд сургуульдаа ирээд утсаа тодорхой хайрцагт байрлуулдаг болжээ. Хэрвээ ар гэрийн зүгээс хүүхэдтэйгээ ярих хэрэг гарвал сургуулийн нийтийн утсаар жижүүрээрээ дамжуулан харилцдаг болсон аж. Гар утсыг зохистой хэрэглэхэд зөвхөн сургууль бус  томчууд өөрсдөө тодорхой үүрэг хүлээж хамтран ажиллах хэрэгтэй мэт. Цахим орчинд гардаг гэмт хэрэг далд гардаг учраас хүүхэдтэйгээ маш ойр дотно анхааралтай хандах хэрэгтэй. Цахим орчин өөрөө хязгааргүй учраас томчууд өөрсдөө хүүхдээ хянаж, хязгаарлалт өгөх нь юу юунаас илүү чухал. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өсвөр насны хүүхдүүд холбогдож байгаа зөрчлөөс жишээ авахад хэн нэгнийхээ зургийг ёс зүйгүй байдлаар эвлүүлээд сургуулийнхаа фэйс хаягаар тавьсан зөрчил гарчээ. Хүүхдүүд түүнийгээ зөрчил гэж ойлгож мэддэггүй, эрх зүйн ёс зүйгүй байдал их байгаа учраас даган дууриадаг байна. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлдөг гэлээ. Цахим орчинд хэрхэн орж, ямар утас барих нь хувь хүний үйлдэл учраас шууд таслан зогсоож хорьж болдоггүй байна. Иймээс нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж,  цахим орчинд нэвтрэхдээ зөв боловсон, соёлтой байя, хүүхдүүдтэй зөв үлгэр дууриал үзүүлэх нь чухал гэдэг үүднээс аймгийн Цагдаагийн газраас хүүхдүүд буруу үлгэр дууриал авч байгаа цахим орчинг зөв болгоё аяныг өрнүүлжээ. Мөн сургуулийн орчинд ухаалаг гар утас болон түүнтэй адилтгах эд зүйлсийг хэрэглэхгүй байх БСШУС-ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн а/43 тоот тушаалын хэрэгжилт сайн үр дүн дагуулж байгааг Мандал сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн үйл ажиллагаа харууллаа. Тус сургууль дээр ухаалаг гар утасны хулгайн хэрэг тасардаггүй байсан байна. Дээрх тушаал хэрэгжиж эхэлснээр энэ хэрэг, зөрчил эрс багассан гэнэ. Тус сургуулийн захиргаанаас хүүдүүдийнхээ эцэг, эх, асран хамгаалагч нартай зөвшилцсөний үр дүнд хүүхдүүдэд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй, мөн шаардлагатай нөхцөлд товчлууртай утас хэрэглэснээр 2017-2018, 2018-2019 оны хичээлийн жилд зохих үр дүнд хүрчээ. Мөн хүүхдүүд фэйсбүүкээс татгалзаж ном унших болсон байна. Түүнчлэн утасны хулгай болон дээрмийн хэрэг зөрчил ч эрс багасчээ. Ингэж ажилласнаар хүүхдүүдийн цахим хэрэглээ багасаж, цахим ертөнцөөр дамжуулан хүүхэд уруу татагдах, бусдын нэр хүндэд халдах, гутаан дормжлох зэрэг сөрөг үр дагавар мэдэгдэхүйц буурсан байна. Цаашлаад сурлагын чанарт ахиц гарч амьдралын түвшингийн ялгаа зааг харагдахгүй болсон гээд олон эерэг хандлагууд ажиглагджээ.

Цахим орчинг зөв болгох хөдөлгөөнүүд нь хүүхэд өөрийгөө урьдчилан сэргийлэх чадвартай болгох арга ухаанд сургасан эерэг үйлдэл болж байна.   

 Цахим ертөнцийн сайн тал буюу эерэг нөлөө

Цахим ертөнцийг үнэхээр оновчтой ашиглаж чадвал, энэ их хурдацтай хөгжиж буй эрэн үед мэдлэг мэдээллийг хурдан олж авах нөхцөл жинхэнэ утгаараа бүрэлдсэн гэхэд хилсдэхгүй. Харин хувь хүн өөрөө олж авч буй мэдээллээ маш няхуур хянаж, зохиогч болон  эх сурвалжтай эсэхийг сайтар шалгахад л болно. Мөн нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжлийн салбарын мэдлэгийг олон улсын их сургуулиудын цахим хаягаар орж авч болно. Цаашлаад өөрийгөө илүү хөгжүүлэх, боловсрол эзэмшихийг хүсч байвал та цахим сургалтанд хамрагдаж болох боломжийг мэдээллийн эрэн зуун бидэнд нээж өгсөн. Танд интернет байгаа л бол та дэлхийн хаанаас ч өөрийн хүссэн боловсролыг эзэмших боломжтой юм. Мөн цаашлаад дэлхийн аль ч орноос өөрийн хүссэн бараа, бүтээгдэхүүнээ цахимаар захиалан цахим худалдаа эрхлэх боллоо.  

Хүмүүс бид зөвхөн утсаар эсвэл захидлаар хоорондоо харилцдаг байсан цаг саяхан. Харин одоо бол улсаас улс, хотоос аймаг, сум, бүр цаашлаад хөдөө малын бэлчээрт ч хүртэл мэдээллийг бие биедээ олон нийтийн цахим  сүлжээг ашиглан тун хурдан хүргэж, солилцдог болсон шуурхай цаг үед амьдрах болжээ. Тиймдээ ч сэтгэл судлаачид цахим хэрэглээг хамаатан садан, хөрш зэргэлдээ айл болон хүмүүс хоорондын харилцааг ойртуулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нэг арга хэрэгслээ болгох нь зүйтэй хэмээн зөвлөж байгаа юм.

 

Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдсэн сөрөг нөлөө чухам юу байв?

Гэвч цахим орчны зохисгүй хэрэглээ нь ямар хор уршгийг өгч байгааг мартаж болохгүй. Мэдээллийн хэт их урсгалд автах, зохисгүй мэдээ мэдээлэлтэй таарах нь таны хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг доройтуулж, сурлагын чанарт  муугаар нөлөөлж байна. Цахим орчинд хэт олон цаг өнгөрүүлэх нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд олон сөрөг талтай бөгөөд хөдөлгөөний дутагдалд орох, нүдний хараа муудах, нуруу нугасны зөв бус хөгжилтэй болдог байна. Мөн олон нийтийн цахим сүлжээнд үгэн болон зурган доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэлзүйн дайралтанд өртөх, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй юм. Цаашлаад хүчирхийлэл, садар самуун агуулсан зүйлст донтох, улмаар бие сэтгэлзүйн цочролд орох, хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, аюултай худалдаа арилжааны бай болох, хэт их зар сурталчилгааны урсгалд өртөх зэрэг сөрөг талтай юм. Хөвгүүдийг элдэв муу зуршилд түлхдэг гол донтолт бол компьютер тоглоом. Харин охидын хувьд олон нийтийн сүлжээ гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа.

 

Амьд харилцааг бий болгож, хандлагыг өөрчлөх нь сонгодог гарц болно  

 

Шинжлэх ухааны хөгжлөөс болж амьд харилцаа багасаж буй энэ байдлаас гарах хамгийн энгийн бөгөөд оновчтой арга нь аав ээж, ах дүү, найз нөхөд, тэр ч бүү хэл хэн нэгэн итгэсэн хүнтэйгээ чин сэтгээлээсээ ярилцаж бухимдал, стрессээ арилгах нь юу юунаас чухал гэдгийг сэтгэл зүйчид зөвлөж байгаа юм. Цахим орчин бол бусдыг даган дууриах асар том ертөнц. Хэн нэгний тансаг хэрэглээ, чамин ганган эдлэлийг харж, бусдын найз нөхөдтэйгөө наргин баясч буй дүр зургийг харан өөртэйгөө жиших. Ингэснээр сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох сэтгэцийн эмгэгүүд хүүхдүүдэд элбэг тохиолдож байгааг эмч мэргэжилтнүүд тогтмол ярьж байгаа. Бусдаас шалтгаалж амьдрах, тэднийг даган дуурайх, хэрэв тэдэн шиг байж чадахгүй бол өөртөө гутрах амьдралын буруу хэв маягт автах зэрэг нь цахим орчинтой холбоотой. Үүнээс сэргийлэх нэг чухал гарц бол хүүхдийг хийх зүйлтэй байлгах, хүсэл сонирхлыг нь олоход туслах юм. Өөрөөр хэлбэл хүүхэд залуусын сурч мэдэх, хөгжих орчинг тэлж, төрөл бүрийн дугуйлан клубыг эрчимтэй ажиллуулах, хүртээмжтэй хамруулах нь чухал юм.

Олон улсад мэдлэг юуг ч өөрчилдөггүй, харин хандлагаар бүхнийг өөрчилж чаддаг хэмээн үздэг. Иймээс цахим орчинд хэн нэгнийг даган дууриах, сэтгэлээр унах өвчлөлөөс хамгаалах гол арга бол хүүхдийг хөгжүүлэх явдал юм. Насанд хүрэгчид цахим ертөнцөд ажиллахдаа тийм ч сайн биш байдаг. Харин орчин үеийн хүүхдүүд технологийг яг л төрөлхийн чадвар юм шиг бүрэн эзэмшсэн байдаг. Иймээс хүүхэдтэй хориглосон биш зөвлөсөн хандлагаар цахим ертөнцийн талаар илэн далангуй, нээлттэй ярилцаж, олон нийтийн сүлжээг ашиглахад нь зөвлөгөө өгч байх нь чухал юм. Манай улсын хувьд “Хүүхдийн эрхийн тухай” хууль бүх төрлийн орчинд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад үйлчилдэг. Тус хуулиар хүүхдийн эрх, үүргийг тогтоосон төдийгүй хүүхдийг хамгаалах үүргийг Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн төв болон орон нутгийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллагад хүлээлгэсэн байдаг. Гэвч хүүхдийг хамгаалах үүрэгтэй этгээд олон байгаа ч тэдний зүгээс цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх эрх зүйн бие даасан, боловсронгуй зохицуулалт Монгол Улсад дутагдалтай л байна.  

Иймээс цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бүрдүүлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа нь илт харагдах болжээ.  

Холбоотой мэдээ