Страсбургт гашуудал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-12 10:37:38
ПАРИС. /TASS/. Францын Страсбург хотын төвд 29 настай эрэгтэй зул сарын худалдааны үеэр гал нээсэн хэрэг мягмар гарагийн орой гарсантай холбогдуулан тус хотын дарга Ролан Рис гашуудлын өдөр зарласан тухай мэдээллийн DNA цахим хуудсанд мэдээлжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, зул сарын худалдаа 12 дугаар сарын 12-нд ажиллахгүй. Мөн хотын даргын тушаалаар театруудад тоглох бүх жүжгийг цуцалсан байна.

Гал нээсэн этгээдийг баривчлах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор хотын төвийн хэсгийг хаасан бөгөөд зоогийн газруудад үйлчлүүлж байсан хүмүүсийг тэндээ үлдэхийг хүссэн бол Европын парламент урьдын адил хаалттай хэвээр байна. Үүний сацуу, "DNA" цахим хуудсанд мэдээлж буйгаар, эрх баригчид хотын хойд хэсэгт оршдог "Rhenus Sport" спорт цогцолбороос хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хэвлэлүүд мөн Германы цагдаа нар Франц-Германы хилд хатуу шалгалт явуулж байгаа тухай мэдээлж байна. Газар доорх тээврийн харилцааг, тухайлбал, Страсбургийг Кёльн хоттой холбодог D трамвайн чиглэлийг зогсоожээ.

Страсбург хотын даргын мэдээлснээр, гал нээх үеэр дөрвөн хүн амиа алдаж, 10 орчим хүн шархаджээ. Сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаанд 600 орчим цагдаа оролцож байгаа тухай телевизийн "BFM" суваг мэдээлсэн байна.

Францын эрх баригчид энэ хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа тухай тус суваг Прокурорын газар дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
Холбоотой мэдээ