Агаарын бохирдол урьд жилийнхээс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-12 11:59:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил жилийн өвөл агаарын бохирдол гэх асуудал хаа сайгүй яригддаг. Сүхбаатар аймгийн хувьд дунд зэргийн агаарын бохирдолтой аймгийн тоонд ордог. Тэгвэл энэ жил тус аймгийн агаарын бохирдол урьд жилүүдээс нэмэгдсэн, гэхдээ хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй гэдгийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын лабораторийн эрхлэгч Б.Мөнхбаяр хэллээ.

Өглөө 07-08, орой 17-18 цагийн хооронд агаарын бохирдол хамгийн их ажиглагддаг. Гэвч холбогдох газраас агаарын бохирдлын хэмжилтийг өдөр болгон, тогтсон цагт буюу оройны 20 цагт хийдэг. Энэ үед агаарын бохирдол тодорхой хэмжээгээр саармагжсан байдаг байна. Мөн ингэж хэмжилт хийдэг цэг ганцхан байдаг бөгөөд энэ нь аймгийн төвдөө байрладаг. Тиймээс гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээг бүрэн тогтооход бэрхшээлтэй байдгийг тэрээр хэллээ.

Аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийгдэж байгаа бөгөөд удахгүй дүнг нийтэд танилцуулах юм байна. 

Холбоотой мэдээ