Шинээр мэндэлсэн хүүхдийн тоо урьд байгаагүй бага дүнг үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-12 11:52:27

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ард иргэд гэрлэлтийг хойшлуулж, түүнээс зайлсхийх болсонтой холбоотойгоор нийслэл Сөүл хотод өдөрт шинээр мэндэлсэн нярай хүүхдийн дундаж тоон үзүүлэлт 179 хүрсэн нь анх удаа 200-гаас бага тоонд хүрсэн тухай тус улсын Засгийн газраас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.


БНСУ-ын Статистикийн газраас жил бүр гаргадаг тайлан мэдээнд тэмдэглэснээр, нярайн төрөлтийн тоог 1961 оноос хойш бүртгэж эхэлснээс хойш анх удаа хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн жил болжээ. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн хэдэн жилийн турш буурсан дүнг үзүүлсэн бөгөөд 2012 онд 257, 2013 онд 230 байсан бол 2016 онд 206 хүрч байсан юм.


Холбогдох албаны мэргэжилтнүүд уг үзэгдлийн шалтгааныг гэрлэлтийн тоо буурсан хийгээд залуучууд тогтвортой ажлын байр олоход хүндрэлтэй болсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. 2012 онд 196 хос гэрлэлтээ батлуулж байсан бол энэ үзүүлэлт өнгөрсөн онд 147 болж буурчээ. Харин ажилгүйдлийн түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар өсч, 4.5 хувьд хүрсэн байна. 


Түүнчлэн тус улсын өндөр настай буюу 65-аас дээш настай хүн амын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсч, 1.3 сая гаруйд хүрсэн нь Сөүл хотын нийт хүн амын 13.5 хувьтай тэнцэх болжээ. Ингэснээр БНСУ нь хүн амын насжилт өндөртэй улсаар тодорсон бөгөөд НҮБ-ын ангиллын дагуу өндөр настай хүн ам нийт хүн амын 7-оос дээш хувийг эзлэх үед ингэж нэрлэдэг билээ. 

Холбоотой мэдээ