Т.Гантөмөр: 200 гаруй хүнийг мэргэжлийн цэцэрлэгчээр бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-12 15:50:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Налайх хүртэлх 20.9 км автозамын бэлтгэл ажлын явц, нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхийг бэхжүүлж сургах, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлах, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулахдаа хотын Ногоон байгууламжийн алба болон Хот тохижолтын газрын өнөөдрийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр, “Хот тохижолтын газрыг Засаг даргын захирамжаар шинэчлэн байгуулж, одоо 600 гаруй хүнтэй ажиллаж байна. Анх бүтэц, чиг үүргийг хийж байхдаа цэцэрлэгжүүлэлтийн алба гэж байсан юм.

Гэвч хотын тохижолт болон цэцэрлэгжүүлэлтийн ажил байнгын, жилийн турш тасралтгүй явдаг үйл ажиллагаа. Тухайн үед газрынх нь дүрэм, төсвөөр 125 хүнтэй ажиллах цэцэрлэгжүүлэлтийн албыг улирлын шинж чанартай болгоод, 10-р сараас ирэх оны 3-4-р сар хүртэл хүмүүсийг түр ажиллуулах, цомх

отгох, өөр ажилд шилжүүлэх зэргээр тарамдсан. Төсөв хүрэлцэхгүй байна гэдгээр ажлыг зогсоогоод явж ирсэн. Одоо Ногоон байгууламжийн албаны хувьд 35-40 хүнтэй ажиллаж байна.

Бид Засаг даргын захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулан дүүрэг, хотын Хот тохижолтын газар, дүүргүүдийн ТҮК-үүдий ажилтан ажилчдын мэргэжлийн түвшинг тогтоох үзлэг явуулж үүн дээрээ үндэслэн, цаашид Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн Мастер төлөвлөгөө батлагдаад хэрэгжихэд Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн анги, салбар, хэсгийг байгуулна. Ингэхгүй бол хувийн хэвшлийн тоотой хэдэн компанийн гэрээгээр, хотын тохижолтын 20-30 хүрэхгүй хүмүүстэйгээр сая гарсан хүн амтай хотын ногоон байгууламжийг цаашид авч явж хүрэлцэхгүй юм” гэдгийг онцолж байв.


Тэрээр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, хот тохижолтын чиглэлээр “Улаанбаатар” олон улсын сургуультай хамтран, төвийн 6 дүүрэг, бусад газартай хамтран зардлыг төсөвт суулган нийслэлээс гарган, 200 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжсэн, ойн чиглэлийн баг, хэсгийг бэлтгэн сургаж байгааг мэдээлэв.

"Ингэхгүй бол өнөөдрийн байдлаар ногоон байгууламж, хот тохижолтод өгч буй 5-8 тэрбум төгрөгийн 55-60 хувийг хот тохижолтод зарцуулдаг. Энд хотын нийт 96 гудамжны 48 гудамжны цэцэрлэгжүүлэлтийг хариуцаад ажиллахад дээрх мөнгө жигд бүрэн хамралтын ажилд хүрдэггүй, тал ажил нь хаягдаад явдаг. Нэг хүн амд ногдох ногоон байгууламжийн норм, стандартаа ч мөрдөж чадахгүй байна" гэж байлаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал үргэлжилж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ