Энэ удаагийн улсын аваргын тэмцээнд усанд сэлэлтийн төрөл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-12 17:25:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь усанд сэлэлтийн төрөл нэмэгдэж орсноороо онцлог боллоо хэмээн зохион байгуулагчид хэллээ. Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, бүсийн төвүүдийн багуудаас шалгарсан  300 гаруй тамирчид хоёр өдрийн турш авхаалж, самбаа, хурд хүчээрээ өрсөлдлөө. Уламжлалт улсын аваргын тэмцээн сагсан бөмбөг, усанд сэлэлт, заалны хөлбөмбөг гэсэн спортын гурван төрлөөр зохион байгуулагдаж,  багийн нийлбэр дүнгээр Хойд бүсийн баг тамирчид тэргүүн байрт шалгарч, аваргын алтан медалийн эзэд боллоо. Удаах байруудад  нийслэлийн Онцгой байдлын газар,  өмнөд бүсийн баг тамирчид шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна. Мөн тэмцээний хөл бөмбөгийн шилдэг тоглогчоор НОБГ-ын тамирчин Э.Ариунболд, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Өмнөд бүсийн тамирчин Д.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор ОБЕГ-ын тамирчин Д.Мөнхцэцэг, усанд сэлэлтийн шилдэг тамирчнаар ОБЕГ-ын тамирчин Л.Тамир, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор хойд бүсийн тамирчин  А.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор ахмадын хорооны тамирчин Д.Дэлгэрмаа, хөлбөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчин н.Галт-Очир нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын албаны алба хаагчдын урлаг, спортын тавцанд гаргасан амжилтуудыг үнэлэн Монгол Улсын олимпийн хорооны болон бусад шагналуудаар нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулсан бол бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 60 албан хаагч амжилттай хийж гүйцэтгэжээ. Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн онцгой байдлын газар, Бүсийн төвүүдийн онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Аврагч биеийн тамир, техникийн спорт хороо, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга нар оролцсон байна.

 

Холбоотой мэдээ