Японд "гамшгийг" илэрхийлсэн ханз улирч буй оны бэлгэ тэмдэг болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-12-12 16:26:20
ТОКИО./RIA Novosti/. Японы ханз үсгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг уралдааны дүнгээр “гамшгийг” илэрхийлсэн утгатай ханз улиран одож буй оны бэлгэ тэмдэг болжээ. Энэ жил Японы Хоккайдо аралд хэд хэдэн газар хөдлөлт, цунами болсны улмаас шүүгчид ийм сонголт хийсэн аж.

Оны эцэст холбооны хаягаар санал болгож буй ханз үсгээ илгээж, сонгохыг хүссэн хүн бүрт санал болгодог байна. Ханз-бэлгэ тэмдгийн утгыг зарлах хүртэл чандлан нууцалдаг бөгөөд мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд холбооны хэдхэн тооны хариуцлагатай ажилтнуудад хариуцуулдаг аж.

“Гамшгийг” илэрхийлсэн ханзыг Киото хотын буддын шашны хамгийн алдартай сүм болох Киёмизугийн лам 1.5 харьцах нь 1.3 метрийн хэмжээтэй “васи” цаасан дээр ёслол төгөлдөр бичжээ. Уг ханзыг бичихдээ цагаан зүсмийн морины сүүлээр Хирошима мужид хийсэн 4.5 см-ын голчтой бийр болон Нара мужид тусгайлан үйлдвэрлэсэн будгийг ашигладаг байна.

Өнгөрсөн онд Солонгосын хойгийн түгшүүртэй байдал улам бүр нэмэгдэж, Умард Солонгосоос хэд хэдэн пуужин харвасантай холбоотойгоор “умард” зүгийг илэрхийлсэн утгатай ханз оны бэлгэ тэмдэг болж байжээ. Харин 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд гаргасан Японы тамирчдын амжилт, ялалтыг бэлгэдэн “алт” гэдэг утгатай ханз оны бэлгэ тэмдэг болж байв.


Холбоотой мэдээ