ЭЗХАХБ-аас хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 16:11:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ буюу OECD)-ын ЕвроАзийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Грегори Лекомт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжих төслүүдийн талаар санал солилцов.


ЭЗХАХБ-ын зүгээс Төв Азийн бүс нутагт эдийн засгийн тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Төв Азид Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмжийг гаргасан.


Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн судалгааны тайлан, зөвлөмжийн хүрээнд ЭЗХАХБ-ын гишүүн орнууд болох өндөр хөгжилтэй, өрсөлдөх чадвар сайтай улс орнуудын тэргүүний туршлагыг хэрхэн нэвтрүүлэх, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.


Тэрээр манай улс Европ, Азийг холбосон чухал зангилаа дээр байршилтай бөгөөд хоёр хөрш орныг холбосон төмөр зам ба авто замыг манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, мөн хөрш хоёр орныхаа нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд экспортын бараагаа нийлүүлэх нь бидний хувьд тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг дурдаад Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй хамгийн том сорилт нь тээврийн холболтыг сайжруулах асуудал гэдгийг цохон тэмдэглэж, ЭЗХАХБ-аас энэхүү сэдвийн хүрээнд төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв.


Монгол Улсын Засгийн газрын зүгээс ЭЗХАХБ-тай 2014 оноос идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх замаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого, авилгын эсрэг болон татварын орчны шинэчлэлийн хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ